Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмж өвс тавьж өгч байна.
Энэ нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн хүртээмжийг дэмжих, өвлийн улиралд амьдрах нөхцөл бүрдүүлэх, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих ач холбогдолтой юм. Биотехникийн үйл ажиллагааг цаашид үе шаттай үргэлжлүүлж, зэрлэг амьтдын амьдрах орчин болон биологийн олон янз байдлыг хадгалах хамгаалах чиглэлээр ажиллаж байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын тус бүс нутагт өнгөрсөн 10 дугаар сард гарсан ой, хээрийн түймэр их хэмжээний газар нутгийг хамарч, байгалийн экосистем, зэрлэг амьтдын амьдрах орчинд хохирол учруулсан. Түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлэх, экологийн хохирлыг тогтоох судалгаа, шинжилгээг мэргэжлийн байгууллагууд үе шаттай зохион байгуулж байна.
Монгол, ОХУ, БНХАУ-ын амьтан, ургамлын аймгийн уулзвар, биологийн олон янз байдал нэн баялаг бүс нутаг болох Нөмрөгийн ДЦГ-т 700 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн. Үүнээс ягаан цээнэ, дагуур сараана, бадамлянхуа зэрэг 30 гаруй нь манай улсын Улаан ном, ховор ургамлын жагсаалтад бичигдсэн байдаг. Тус бүс нутагт сээр нуруутан амьтан 330 гаруй зүйл, тогоруу, усны нөмрөг бүргэд, тоодог зэрэг 250 гаруй зүйл шувуу, мөн халиун буга, хандгай, зэрлэг гахай, цагаан зээр гээд 50 гаруй зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ.