Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны хүрээнд аймгийн музейгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдэл, төрт ёсны эрхэм бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт Их цагаан тугийн түүх, утга бэлгэдэл, уламжлалыг таниулах танин мэдэхүйн хичээл зохион байгууллаа.
Тус хичээлд Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагчид хамрагдаж, Монголын төрт ёсны түүх, үндэсний өв соёл, төрийн бэлгэдлийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлжээ. Мөн түүх, соёлын үнэт өвийг танин мэдэх, эрхэмлэн дээдлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлын талаар суралцсан байна.
Хичээлийг тус сургуулийн багш М.Бямбасүрэн удирдан явуулж, багш Ц.Сарантуяа, Э.Хишигзаяа нар хамтран зохион байгуулжээ.
Аймгийн музейгээс 2021 оноос эхлэн “Монгол бахархал”-ын өдрийг угтаж, соёлын бүтээлч сарын аяныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяны хүрээнд “Үндэсний бичиг соёл”, “Монгол бахархал”, “Түүхэн хүмүүн”, “Тусгаар тогтнол” гэсэн сэдвийн дор олон нийтэд чиглэсэн соёл, танин мэдэхүйн үйл ажиллагаануудыг өрнүүлж байна.
Аяны зорилго нь монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хэл бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлахад чиглэж байгаа юм.
Түүнчлэн “Үндэсний бичиг соёл” сэдвийн хүрээнд Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван богд хайрхныг төрийн тахилгат хайрхан болгосон түүх, тахилгын зан үйлийн уламжлалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна.



