Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотын Ылдырым дүүрэг ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Ылдырым дүүргийн захирагч Октай Йылмаз, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек нар гарын үсэг зурсан байна. Баримт бичгийн хүрээнд хоёр тал боловсрол, соёл урлаг, спорт, эдийн засаг, нийгмийн салбарт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд болон байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэхээр тусгажээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхарын санаачилгаар УИХ-ын нэр бүхий гишүүд Бүгд Найрамдах Турк Улсад айлчлах үеэр Өлгий сумын удирдлагууд Бурса хотын Ылдырым дүүрэгт ажилласан байна.
Албан томилолтын бүрэлдэхүүнд Өлгий сумын ИТХ-ын дарга О.Ертай, Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек, Засаг даргын орлогч Х.Нурболат нар багтжээ. Энэ үеэр Ылдырым дүүргийн захирагч Октай Йылмаз тэргүүтэй тус дүүргийн удирдлагууд Өлгий сумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцжээ.
Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек санамж бичиг байгуулсан нь хоёр талын найрсаг харилцааг бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж нээж буйг онцоллоо.



