Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. ХААН банк Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг 200 га талбайд 500 мянган мод тарина.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, ХААН банкны Стратеги
хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Ойн газар, аймгийн Байгаль орчны газар, Баян-Уул сум, Сум дундын ойн
анги, гүйцэтгэгч "Сайхан санаа" ХХК-ийн төлөөллүүд Баян-Уул суманд
гурван жилийн хугацаанд 500 мянган мод тарих хамтран ажиллах гэрээг байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд тус банк мод тарих
ажлыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэхээс гадна арчилгааг бүрэн
хариуцна. Энэ үеэр аймгийн удирдлага тус банктай
хамтран "Багийн бага сургууль"
байгуулах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арилжааны банкуудаар дамжуулан олгож буй жижиг дунд үйлдвэрлэл,
хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудыг дэмжих зээлүүдэд орон нутгийн аж ахуй нэгжүүдийг түлхүү
хамруулах боломжуудыг судлахаар ярилцав.
Дорнод 2030 он
хүртэл нийт 20 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ
хүрээнд 2022-2026 онд 3.2 сая мод тарьж, улсын хэмжээнд мод тарилтаар
тавдугаарт эрэмбэлэгджээ. Тухайлбал, ойн зурвас, хамгаалалтын чиглэлээр
2023-2025 онд Чойбалсан хотын 20 га талбайг 8200 метр хамгаалалтын хашаагаар
хамгаалж, 10 мянган суулгац бүхий ойн зурвас байгуулсан байна.