Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эрх тэгш” сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
“Бид залиулахгүй ээ-3” аяны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү ажил нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шударга, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах хандлага, ёс зүйд төлөвшүүлэх, иргэдийн хууль бус үйлдлийг үл тэвчих, авлигаас ангид байх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тус сургалт, өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар болон Монголбанкны Баянхонгор салбар хамтран зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг аймгийн ЗДТГ-т зохион байгуулж, хүний эрх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон залилах гэмт хэргээс хамгаалах чиглэлээр мэдээлэл өгсөн байна. Мөн энэ өдөр иргэдэд орон сууцны болон банкны нэрийг ашиглан үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, иргэдийн мэдэх эрхийн асуудлыг хөндөн, хамтран зохион байгуулагч байгууллагууд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгч, хууль эрх зүйн чиглэлийн гарын авлага, зурагт хуудас тараажээ.
Энэхүү сургалт, нөлөөллийн ажил нь төрийн албан хаагч, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээс гадна авлига, хүнд суртал, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шударга, хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чиглэж байна.