Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2018 оноос эхлэн "Шинэ суурьшлын бүс"-ийг байгуулан хөгжүүлж байна.
Аймгийн төвийн хөгжлийг хурдасган, шинэчлэн зохион байгуулах замаар илүү үр ашигтай орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан тээвэр, дэд бүтцийн оновчтой шийдэл, сүлжээ бүхий "Шинэ суурьшлын бүс"-ийг Баянхонгор хотын баруун урд талд 320 га талбайд байгуулж байгаа юм.
Тус бүсэд өнөөдрийн байдлаар 750 гаруй айлын хашааг нэг загвараар барьж дуусч байгаа бөгөөд 450 гаруй өрх суурьшин амьдраад байна. Шинэ суурьшлын бүсэд түргэн тусламж, цагдаа, онцгой гэх мэт төрийн үйлчилгээ авахад хаягжилтын асуудал хүндрэлтэй байгаа тухай оршин суугчдын гаргасан хүсэлтээр Баянхонгор сумын Засаг даргын нөөц хөрөнгөөр хороолол, хашааны хаяг дугаарыг хийжээ.
Энэ онд ийнхүү хаягжилтын асуудлыг шийдвэрлэсэн бол ирэх жилээс гудамж хорооллын гэрэлтүүлэг, худаг, орчны ногоон байгууламж бусад дэд бүтцийг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн тухайн бүсэд 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн “Гэгээн сумади” цогцолбор, 14 ортой хүн эмнэлэг (эрүүл мэндийн төв), дотуур байр, орон сууцнууд ашиглалтанд орсноос гадна үйлдвэрлэл технологийн шинэ арга ажиллагааг нэвтрүүлэн 1000 тоннын мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, өвлийн хүлэмжүүд, ногоон байгууламжийг шийдэн хүний сурах, амьдрах, ажиллах орчныг цогцоор нь бүрдүүлж байгаа юм.
"Шинэ суурьшлын бүс" нь газар зүйн байршлын хувьд Баянхонгор хотын баруун урд талд, төвөөсөө шаардлагатай дэд бүтцийн замаар дунджаар 10 орчим километрийн зайд оршдог.