Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мөрдүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллана.
Эрүүл мэндийн сайдын “Сургуулийн орчинд хүүхдэд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай” тушаал нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, буруу хооллолтоос сэргийлэх, сургууль орчмын дэлгүүр, цайны газруудад эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хязгаарлах зорилготой. Тус тушаалын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий албан хаагчдыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-т зохион байгуулж, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нар оролцлоо.
Цаашид төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг хэлэлцэн тохиролцлоо. Мөн сургууль орчмын дэлгүүрүүдэд хийх хяналт шалгалтыг нэмэгдүүлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохын зэрэгцээ эцэг эх, хүүхдүүдийн шим тэжээлийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх шаардлагатайг талууд онцоллоо.
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн эзэмшил газраас 150 метр хүртэлх зайд худалдахыг хориглодог.