Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

СИНГАПУР, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /TASS/. Криптовалютын Binance бирж хакерын халдлагын үеэр хулгайд алдсан хөрөнгийн 90 хувийг нөхөн төлжээ. Тус биржийн мэдээлснээр, Bitcoin, Ethereum, Solana болон XRP зэрэг криптовалютын хохирлыг бүрэн барагдуулсан байна.
“Өнөөдрийн байдлаар хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 90 хувьд хүрсэн. BTC, ETH, USDT, BNB, SOL, USDC, XRP, USD1, RLUSD болон ZEC зэрэг крипто хөрөнгийн хохирлыг 100 хувь нөхөн төлсөн” гэж тус биржийн мэдэгдэлд дурджээ.
Binance бирж хохирлыг криптовалют тус бүрээр 100 хувь нөхөн төлж дуусах хүртэл дутуу байгаа токенуудыг зах зээлийн болон биржийн бус арилжааны сувгаар худалдан авсаар байх аж. Мөн хулгайд алдсан хөрөнгөтэй холбоотой санхүүгийн алдагдлыг бирж өөрөө бүрэн хариуцаж байгааг онцолжээ.
Криптовалютын тус бирж аравдугаар сарын 29-нд хакерын халдлагад өртсөнөө мэдээлсэн юм. Үүний улмаас учирсан хохирлын хэмжээ 6.3 тэрбум ам.долларт хүрсэн байж болзошгүй байна. Харин хэрэглэгчдийн хадгаламж халдлагад өртөөгүй бөгөөд ердийн журмаар нэвтрэх боломжтой хэвээр байгаа аж. Бирж хөрөнгө байршуулах болон татан авах бүх үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд ойрын хоёр хоногт хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Блокчэйн салбарын түнш байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд халдлагад өртсөн хөрөнгийн тодорхой хэсгийг царцааж чадсан бөгөөд одоогийн байдлаар блокчэйн сүлжээнд 3 орчим тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.