Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Жолоодох эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1800 асуултыг монгол хэлээр өгөх үйлчилгээг энэ сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Үүнтэй холбогдуулж тус үйлчилгээг нээх ёслол Инчон хотын Жолоодох эрхийн шалгалтын төвд энэ сарын 29-нд болов. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлсэн үгэндээ монгол иргэд жолоодох эрхийн онолын шалгалтыг эх хэлээрээ өгөх нөхцөл бүрдсэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад ач холбогдолтой гээд, уг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажилласан БНСУ-ын холбогдох байгууллагуудад талархал илэрхийлэв.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, БНСУ-ын Авто тээврийн хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Элчин сайдын яаманд талархлын бичиг гардуулав. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар хоёр улсын чиглэлийн байгууллага хамтран, энэ оны долоодугаар сарын 2-нд иргэд жолоодох эрхийн онолын шалгалтыг харилцан эх хэлээрээ өгөх нөхцөл бүрдүүлэх тухай тохиролцоог байгуулсан юм.
Харилцан адил байх зарчмын дагуу БНСУ-ын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг мөн өдрөөс солонгос хэлээр Улаанбаатар хотноо өгөх нөхцөл бүрдэж байна. Үүний зэрэгцээ БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрмийг чанад сахиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, автотээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.
