Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан сургалт зохион байгуулж, боловсролын салбарын бодлогын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, сургуулийн менежмент, санхүүжилтийн тогтолцооны талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг өмнө нь долоон удаа хийхээр оролдож байсан ч энэ удаад шинэчлэлийг сургууль бүрд бодитоор хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагын манлайлал, оролцоо чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Хөтөлбөрийн шинэчлэлийг зөвхөн агуулгын өөрчлөлт гэж ойлгож болохгүй. Үүнийг хэрэгжүүлэх санхүүжилт, багшийн чадамж, сургуулийн менежмент, үнэлгээ, сургалтын орчин зэрэг бүх асуудлыг системээр нь шийдэх ёстой. Сургуулийн удирдлагууд энэ шинэчлэлийн гол манлайлагч байх учиртай” хэмээн тэмдэглэв.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, багшийн заах арга зүй, суралцагчдын мэдлэг, чадварын ахицад бодитоор илрэх шаардлагатай. Иймд сургуулийн захирлууд бодлогын зорилгыг багш нарт ойлгуулж, хамтын ажиллагааг удирдан зохион байгуулахын зэрэгцээ хэрэгжилтийн үр дүнг хариуцах манлайлалтай байхыг онцоллоо.
Энэ хүрээнд багшийн чадамжийн хүрээг баталж, цаашид сургуулийн удирдах ажилтнуудын чадамжийг оношилж, үнэлгээний үр дүнд үндэслэн мэргэжлийн хөгжлийг нь дэмжихээр ажиллаж байна. Мөн сургалтын чанарыг сайжруулахад багшийн мэргэжлийн чадамж, ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг дурдав. Тухайлбал, багшийн ажлын ачаалал, ажиллах орчин, нөхцөлтэй уялдсан цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн хуримтлалын асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, хүүхдүүдийг
гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хотхоны бага
сургуулийн тогтолцоог хөгжүүлж байна. Уг зохион байгуулалтын үр дүнд сургуулийн
600 бүлгийн ачаалал бодитоор буурсан талаар сургалтын үеэр мэдээллээ.
Цаашид хүн амын өсөлтөөс шалтгаалан нэмэгдэх сургуулийн насны хүүхдийн хэрэгцээг хангахын тулд сургуулийн барилга байгууламж, багшийн нөөц, санхүүжилт, сургалтын зохион байгуулалтыг уялдаатай төлөвлөх шаардлагатай байна. Энэ хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран сургуулийн барилга байгууламжийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлж байгаа ба Дэлхийн банктай 44, Азийн хөгжлийн банктай 11 сургуулийн барилгын төсөлд хамтран ажиллах талаар танилцууллаа.
Боловсролын салбарт 2020-2025 онд нийт 52 сургуулийн барилга ашиглалтад орсон бол одоогийн байдлаар 131 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагаас 23 барилга ашиглалтад ороод байгаа аж. Ийнхүү сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагын манлайлал, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын орчин, санхүүжилтийн тогтолцоог уялдуулан сайжруулахад анхаарч байна.