Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Булган аймгийн тариаланчид энэ жил 59.2 мянган тонн улаан буудай хурааж, сүүлийн таван жилийн дунджаас давсан ургац авлаа. Мөн нэгж талбайгаас 16 центнер ургац авсан нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хөдөө аж ахуйн ажилтны өдрийг тохиолдуулан Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн албан хаагчид тайлангийн өдөрлөг, уулзалт зохион байгуулж, энэ жилийн ажлын үр дүнгээ дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Өдөрлөгт аймгийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид болон сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд оролцов.
Энэ онд аймгийн хэмжээнд малын тэжээл, тэжээлийн ургамлыг 9.4 мянган га талбайд тариалж, 29.7 мянган тонн тэжээл хураан авсан нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж, өвөлжилтийн бэлтгэлд чухал хувь нэмэр оруулжээ.
Уулзалтын үеэр салбарын үйл ажиллагаатай холбоотой төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар танилцуулсан байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн хэлтсээс заавал баталгаажуулах бүтээгдэхүүн, үйлчилгээ болон “Стандартаар соёлжъё” аяны талаар мэдээлэв. “Ногоон зам ногоочдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Булган органик” зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааг танилцууллаа.
Мөн “ЭККО-ФАРМ” төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн боломжийг Хутаг-Өндөр сумын жишээгээр хэлэлцэж, ХААН Банкнаас хөдөө аж ахуйн кластерийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн, “МИГ Даатгал” ХХК-иас малын индексжүүлсэн даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл өгчээ.
Өдөрлөгийн төгсгөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, аймгийн хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулсан тэргүүний албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэв.
