Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтоох үйл хэргийн манлайлагч, анхны Гадаад хэргийн сайд, Эрдэнэ дайчин хошой чин ван Мижиддоржийн Ханддоржийн гэр бүл бол улс үндэстнийхээ эрх чөлөөний төлөө бахархам түүхийг үлдээсэн билээ. Зууныг элээсэн түүхийн хуудсанд Ханд вангийн алтан ургийг залгамжлан үлдсэн ганц охин Сэсэм ахайтан болон түүний үр садын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Чин ван Ханддоржийн албан ёсны ганц их хатан болох Мандалжав тайжийн охин Сэвжидмаа (1873-1920) нь ухаалаг, бат журамтай, хошууныхаа ард иргэдэд энэрэнгүй нэгэн байжээ. Түүний эл эрдэм ухааныг Олноо Өргөгдсөн Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагт өндрөөр үнэлж, 1915 онд “Ухаалаг хатан” өргөмжлөлөөр тусгайлан шагнаж байсан түүхтэй.
Ханд вангийн гэр бүл улс орныхоо төлөө хамгийн нандин бүхнээ зориулсан байдаг. Дунд хүү Данзанжамцыгаа Далай ламыг дагуулан Бээжин рүү явуулаад эргэж ирээгүйд гашуудаж, алдарт “Ай Нанаа” уртын дууг зохиосон түүх хүмүүсийн сэтгэлийг өдгөө ч хөдөлгөдөг. Улмаар ууган хүү Жамбалдорж нь 1930 онд хэлмэгдсэнээр Ханд вангийн эрэгтэй талаас залгамжлах удам угсаа нь тасарсан ч эмэгтэй талаас нь түүхийн амьд хэлхээ тасраагүй юм.
Ханд вангийн алтан ургаас үлдсэн ганц хүн нь тэдний охин Сэсэм байв. Түүний 1906 онд Оросын судлаач, гэрэл зурагчин М.А.Полумордвиновын авсан язгууртан хүний хэргэм зэрэг, өмсгөл зүүсгэлтэй албан ёсны гэрэл зургууд өнөө цагт хадгалагдан үлдсэн байдаг. 1960-аад онд Сэсэм ахайтан өөрийн язгуур угсаагаа нууж, Монгол Улсын Их Сургуулийн хувцасны өлгүүрт эгэл жирийн ажил хийн амьдарч байжээ. Түүнийг тухайн үеийн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв тэргүүтэй түүхчид таньж, түүхэн дурсамж яриандаа тэмдэглэн үлдээсэн нь хамгийн сонирхолтой аман түүх болон үлджээ.
Сэсэм ахайтны үр сад өнөө цагт Ханд вангийн цорын ганц цусан төрлийн хэлхээ, удмын үргэлжлэл болон үлджээ. Түүний хүү Иш буюу Ханд вангийн зээ хүү насан өндөр болтлоо Булган аймгийн Бугат суманд багшаар ажиллаж, хожим мал маллан, өвөг эцгийнхээ түүхийг нандигнан хадгалж ирсэн байна. Тэрээр 2019 онд зохион байгуулсан Чин ван Ханддоржийн 150 насны ойн хүндэтгэлийн ёслолд өөрийн биеэр оролцож байжээ.
Өдгөө Иш буурай болон Сэсэм ахайтны үр хүүхдүүд, ач, зээ, гуч нар нь өвөг эцгийнхээ байгуулсан Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа болон жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тохиодог Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрөөр Чин вангийн хөшөөнд цэцэг өргөн, түүх соёлоо хойч үедээ бахархалтайгаар өвлүүлсээр байна.
Хэдийгээр цаг төрийн шуурганд хэлмэгдэж, язгуур угсаагаа нуухаас өөр аргагүйд хүрч байсан ч Ханд вангийн гэр бүлийн цусан хэлхээ, бат журамт ухаан өнөөдрийн Монгол Улсад ийнхүү эгэл жирийн атлаа эрхэмсэг оршсоор байна.

Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тогтоох үйл хэргийн манлайлагч, анхны Гадаад хэргийн сайд,
Эрдэнэ дайчин хошой чин ван Мижиддоржийн Ханддорж

Ханддорж вангийн албан ёсны ганц их хатан болох Мандалжав тайжийн охин Сэвжидмаа

Ханд ван Сэвжидмаа нарын ганц охин Сэсэм

1906 онд Оросын судлаач, гэрэл зурагчин М.А.Полумордвиновын авсан гэрэл Х.Сэсэм