Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг үргэлжлэн явагдаж байна. Гэхдээ үзлэгт хамрагдсан үзүүлэлтээр сумдын дүн харилцан адилгүй байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар Рашаант сум 94.8 хувийн гүйцэтгэлээр аймгийн хэмжээнд тэргүүлж байна. Харин Орхон сум 55.2 хувийн хамрагдалттай байгаа бол Бугат болон Булган сумд 50.2 хувийн гүйцэтгэлтэйгээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм.
Насны бүлгээр авч үзвэл үзлэгт хамрагдалтын идэвх дараах байдалтай байна. Үүнд:11 настай хүүхэд 82.9 хувь, 15 настай хүүхэд 71.7 хувь, 6 настай хүүхэд 67.3 хувь, 36 сартай хүүхэд 61.5 хувьтай байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг нь аливаа өвчнийг шинж тэмдэггүй, эхний шатанд нь олж тогтоон, хүндрэхээс нь өмнө бүрэн эмчлэх онцгой ач холбогдолтой юм. Тухайлбал, хамгийн өндөр хувьтай байдаг хүүхдийн шүдний цоорлыг эрт үед нь эмчлэх, сурлагад нь шууд нөлөөлдөг хараа муудалт, сонсголын эмгэгийг хугацаа алдалгүй оношлох, өсөлт хөгжилтийн хоцролтыг хянах зэрэг бодит үр дүнгүүд гардаг.
Мөн бага насны хүүхдийн танин мэдэхүй, зан төрхийн хөгжлийг үнэлж, хөгжлийн хоцролтыг эрт илрүүлснээр засан сайжруулах магадлал эрс нэмэгддэг бөгөөд өвчин хүндэрсэн хойно гарах санхүүгийн болон цаг хугацааны эрсдэлийг бүрэн хаадаг байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас шилжилт хөдөлгөөн хийсэн, өөр сургууль, цэцэрлэгт шилжин суралцаж буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ мэдээллийг харьяа эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт нь яаралтай мэдэгдэж, хүүхдийнхээ эрүүл ирээдүйн төлөө эрт илрүүлэг үзлэгтээ бүрэн хамруулахыг уриаллаа.


