Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Мэндсайхан БНСУ-ын Вонжү хотын ИТХ-ын дэд дарга Ким Жи Хон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтаар хоёр улсын орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Талууд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцсэн байна.
Хөдөө аж ахуйн салбарт Вонжү хотын ухаалаг фермийн технологийг Булган аймагт нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг хөгжүүлэх, орон нутгийн ажиллах хүчнийг тус хотод богино хугацааны дадлагад хамруулах талаар санал солилцов.
Аялал жуулчлалын салбарт Булган аймгийн эко аялал жуулчлалын бүсүүд болон айргийн соёлыг БНСУ-ын зах зээлд сурталчлах, Вонжү хотын тогтвортой аялал жуулчлалын туршлага, отоглох цэгийн стандартыг орон нутагт нэвтрүүлэх боломжийг хөндлөө. Мөн аялал жуулчлалын хөтөч, үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлэх асуудлыг хэлэлцэв.
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр Вонжү хотын давуу талыг ашиглан Булган аймгийн нэгдсэн болон сум дундын эмнэлгүүдийн оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх дадлагад хамруулах боломжийг судлахаар ярилцлаа.
Боловсролын салбарт Вонжү хотын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоож, Булган аймгийн залуучуудыг тэтгэлгээр суралцуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв.
Уулзалтын үеэр талууд орон нутгийн байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

