Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрыг иж бүрэн засварлана.
Төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гарын үсэг зурлаа.
Нийт 572.8 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих төслийн хүрээнд эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотоод заслыг бүрэн шинэчлэх юм.
Засварын ажил дууссанаар Хутаг-Өндөр сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэн дулаан, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хэвтэн эмчлүүлэх боломжтой болно. Мөн эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.
Япон Улсын Засгийн газар “Өвсний үндэс” хөтөлбөрийг 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсад хэрэгжих 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна.
