Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын Буянт багийн нутагт оршдог Цооногойн булгийн эхийг 90 ам.метр талбай бүхий хашаагаар хамгаалжээ.
Уг ажлыг “Eco Impact Mongolia” клубийн сурагчид санаачлан, “UWC Mongolia” байгууллагатай хамтран “Говийн булгийн эх хамгаалах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн байна. Хамгаалалтын хашаа барихад 12 сая төгрөг зарцуулжээ.
Энэ сарын 11-нд аймгийн Байгаль орчны газрын даргын тушаалаар байгуулсан ажлын баг, орон нутгийн төлөөлөл газар дээр нь ажиллаж, гүйцэтгэлийг хүлээн авсан байна.
Төсөл хэрэгжүүлэгчид Дундговь аймгийн хэмжээнд ажлаа үргэлжлүүлж, эхний ээлжид долоон булгийн эхийг хашаажуулан хамгаалахаар төлөвлөжээ. Мөн цаашид амьтан хамгааллын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилготой байна.
Говийн бүсийн усны нөөц хязгаарлагдмал, ган, хуурайшилт ихтэй нөхцөлд булаг шандны эхийг хамгаалах нь усны нөөцийг хадгалах, экосистемийн тэнцвэрийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, хашаажуулснаар мал, амьтны шууд нөлөөлөл, хөрсний талхагдал, бохирдлыг бууруулж, булгийн эхийг хамгаалах нөхцөл бүрддэг.
Ийнхүү сурагчдын санаачилсан төсөл нь орон нутгийн байгаль хамгаалалд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ усны эх үүсвэрийг хамгаалахад чиглэж байна.

