Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улиастай, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2026 оны эхний 10 сард тархины харвалтын 51 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ. Мөн харвалтын үлдэцтэй холбоотой нас баралт 17 бүртгэгдсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн уриа нь “Минут бүр үнэ цэнтэй” юм. Уг уриа нь харвалтын шинж тэмдгийг эрт таньж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж авахын чухлыг онцолж байна.
Энэ өдрийг тохиолдуулан тархины харвалтын шалтгаан, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт болон дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэл, сэтгэцийн тасгийн их эмч Ч.Даваажаргалаас тодрууллаа.
Тархины харвалт юунаас болж үүсдэг вэ?
-Хамгийн түгээмэл шалтгааны нэг нь цусны даралт ихсэх өвчин. Зарим хүн даралтаа тогтмол хэмждэггүй, эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол хэрэглэдэггүй. Үүнээс болж харвалтын эрсдэл нэмэгддэг. Мөн судасны хатуурал, нас, удамшил, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нөлөөлнө. Нас, удамшлыг өөрчлөх боломжгүй ч бусад эрсдэлийг бууруулж болно.
Харвалтын шинж тэмдгийг хэрхэн таних вэ?
-Нүүрний нэг тал гэнэт мурийх, нэг гар сулрах, хэл яриа ээдрэх нь харвалтын гол шинж тэмдэг юм. Мөн гэнэт тэнцвэр алдагдах, хараа муудах, юм хоёрлож харагдах тохиолдол бий. Эдгээр шинжийн аль нэг илэрвэл 103 дугаарт нэн даруй залгаж, түргэн тусламж дуудах хэрэгтэй. Шинж тэмдэг эхэлсэн цагийг тэмдэглээрэй. Шинж тэмдэг түр зуур арилсан ч эмнэлэгт заавал хандах шаардлагатай.

Мэдрэлийн тасгийн эмчийн үзлэг
Харвалтын үед цаг хугацаа яагаад чухал вэ?
-Эмчилгээг аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай. Судас бөглөрсөн харвалтын үед тохирох өвчтөнд бүлэн хайлуулах эмчилгээг шинж тэмдэг эхэлснээс хойш ихэвчлэн 4.5 цагийн дотор хийх боломжтой. Мөн зарим өвчтөнд судас дотуурх аргаар бүлэн авах эмчилгээ хийдэг. Эмчилгээг хойшлуулах нь тархины гэмтлийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг өсгөдөг. Тиймээс өөрөө эдгэрэхийг хүлээх, эмнэлэгт очихоо хойшлуулах нь аюултай.
Иргэд “тал харвах”, “бүтэн харвах” гэж ярьдаг. Энэ зөв ойлголт уу?
-Энэ нь иргэдийн дунд хэрэглэгддэг хэллэг болохоос эмнэлгийн албан ёсны ангилал биш юм. Тархины харвалт нь судас бөглөрөх, эсвэл судас хагарч цус алдах гэсэн үндсэн хоёр хэлбэртэй. Шинж тэмдэг нь тархины аль хэсэг гэмтсэнээс хамаарч өөр өөр илэрдэг. Нэг талын гар, хөл сулрах, нүүр мурийх, хэл яриа алдагдах, тэнцвэр болон хараа өөрчлөгдөх боломжтой. Харвалтын хэлбэрийг эмчийн үзлэг, шаардлагатай шинжилгээгээр тогтооно.
Харвалт өгсөн хүнийг хөдөлгөж болохгүй гэсэн ойлголт байдаг. Энэ үед яах хэрэгтэй вэ?
-Юуны өмнө 103 дугаарт залгаж, түргэн тусламж дуудах хэрэгтэй. Тусламж ирэх хүртэл өвчтөнд хоол, ус өгөхгүй, эмчийн зааваргүйгээр эм уулгахгүй байх нь чухал. Харвалтын үед залгих чадвар алдагдаж, хахах эрсдэлтэй. Мөн аспирин зэрэг эмийг дур мэдэн өгөх нь цус алдсан харвалтын үед аюултай байж болно. Өвчтөний шинж тэмдэг эхэлсэн цагийг тэмдэглэж, ухаан санаа, амьсгалыг нь ажиглан, түргэн тусламжийн зааврыг дагаарай.
Тархины харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?
-Даралтаа тогтмол хэмжиж, эмчийн зааврын дагуу эмээ хэрэглэх, цусан дахь сахарын хэмжээ, холестериноо хянах нь чухал. Мөн зөв хооллож, давсны хэрэглээг багасгах, тогтмол хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзаж, архины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.
Манай эмнэлэг харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх зорилгоор албан байгууллагуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ зохион байгуулж байна. Тухайлбал, энэ долоо хоногт “Амь ус” ХХК болон Биеийн тамир, спортын газрын ажилтан, албан хаагчдыг хамруулж, өндөр, жин, цусан дахь сахарын хэмжээ, артерийн даралт болон зүрхний бичлэгийн шинжилгээ хийсэн байна.
Иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь тархины харвалт болон бусад өвчний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Тархины харвалтын дараа хэр удаан эдгэрдэг вэ?
-Эдгэрэх хугацаа нь харвалтын хүнд байдал, тархины гэмтлийн хэмжээ болон хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй. Ихэнх сайжрал эхний хэдэн сард ажиглагддаг ч нөхөн сэргээх эмчилгээг тогтмол хийснээр олон сарын турш, зарим тохиолдолд хэдэн жил ч ахиц гаргах боломжтой.
Харвалтын дараа ажилдаа эргэн орох боломжтой юу?
-Олон хүн ажилдаа эргэн орох боломжтой ч энэ нь харвалтын хүнд байдал болон биеийн сэргэлтээс шалтгаална. Эмч, нөхөн сэргээх багтай зөвлөлдөж, ажлын ачааллаа аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй.
Харвалт өгсөн гэр бүлийн гишүүндээ хэрхэн туслах вэ?
-Эмчилгээ, нөхөн сэргээх дасгалд нь тусалж, эмийг цагт нь хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Өвчтөнийг боломжтой үйлдлээ өөрөө хийхэд нь дэмжиж, ахиц удаан байсан ч тэвчээртэй хандах нь чухал. Мөн гэр бүлийнхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, асаргааны ачааллаа хуваалцах хэрэгтэй.
Иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Даралтаа тогтмол хянаж, эмчийн зааврыг даган, эрүүл мэнддээ анхаараарай. Нүүр мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж гэнэт илэрвэл цаг алдалгүй түргэн тусламж дуудаарай. Тархины харвалтын үед минут бүр үнэ цэнтэй. Шинж тэмдгийг эрт таньж, яаралтай тусламж авах нь амь насыг аварч, хүндрэлээс сэргийлэхэд чухал юм.
-Танд баярлалаа.