Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотын “Барыс арена”-д болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын эрэгтэй баг 9, эмэгтэйчүүд 7-р байрт шалгарсан амжилтаар өндөрлүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга цор ганц хүрэл медалийг хүртсэн юм. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын Васили Диаконыг цэвэр ялж, ДАШТ-ээс гурав дахь медалиа зүүсэн нь энэ. Өмнө нь 2021 онд 65 кг-д хүрэл, 2025 онд 70 кг-д мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн 57 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт V байрт шалгарав. О.Сүлдхүү мастерын тухайн гурван жил дараалан медалийн төлөөх барилдаанд ялагдаж байна. Ингэснээр эрэгтэйчүүд 35 оноогоор есдүгээр байрт жагслаа.
Харин эмэгтэйчүүдийн 76 кг-д Э.Даваанасан, 59 кг-д Х.Болортуяа нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Х.Болортуяагийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны тамирчныг цэвэр ялснаар ДАШТ-ээс анхны медалиа авсан нь энэ юм. Эмэгтэйчүүдээс таван бөх медалийн төлөө барилдсанаас хоёр нь шагналын тавцанд гарч, гурав нь шагналт байрт шалгарав. Ингэснээр 74 оноотой долоодугаар байрт жагсаж байна.
Ийнхүү 2026 оны оны чөлөөт бөхийн ДАШТ-ийг Монголын баг тамирчин гурван хүрэл медаль, таван шагналт байр эзэлснээр дуусгалаа.
Астанад болсон ДАШТ-д багийн дүнгээр АНУ-ын баг чөлөөт бөхийн төрөлд илт давуу тэргүүллээ. Тус улсын эрэгтэйчүүд 10 жингийн тавд нь түрүүлснээр 194 оноогоор манлайлав. Харин эмэгтэйчүүд нь 1999 оноос хойш анх удаа багийн дүнгээр тэргүүлжээ. Ингэхдээ 2013 оноос хойш багийн дүнгээр тэргүүлсэн япончуудыг ардаа оруулсан юм.




