Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. АНУ-ын завсрын сонгуулийн өмнөх өдөр буюу даваа гарагт тус улсын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Уг нэхэмжлэлд АНУ-ын иргэн биш байх магадлалтай 20 мянга гаруй сонгогчийн шуудангаар өгсөн саналыг Калифорни муж улсад тоолохыг түр зогсоохыг шаардсан байна.
Шүүгчид Хууль зүйн яамнаас яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлснээс хойш нэхэмжлэлийг хэдхэн цагийн дотор хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр олон мянган сонгогчид нөлөөлж, сонгуулийн үр дүнд эргэлзээ үүсгэж болзошгүй байсан маргаан дагуулсан саналын хуудсуудтай холбоотой засаг захиргааны шаардлага хэрэгжих боломжгүй болов.
Мягмар гарагт болох завсрын сонгуулиар Бүгд найрамдах намыхан Конгресст олонхын суудлаа хадгалж үлдэхийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед энэхүү шийдвэр нь Д.Трампын хувьд дахин нэг ялагдал болов. Калифорни бол АНУ-ын хамгийн олон хүн амтай, Ардчилсан намын дэмжлэг давамгайлдаг муж улс юм.
Завсрын сонгуулийн өмнөхөн Д.Трампын засаг захиргаа АНУ-ын иргэн бус хүмүүс сонгуульд санал өгсөн гэх асуудалд анхаарлаа улам хандуулах болсон. Гэвч хэд хэдэн судалгаа болон муж улсын аудитын шалгалтаар иргэн бус хүмүүсийн саналыг оролцуулан сонгуульд санал өгөх эрхгүй хүмүүс санал өгсөн тохиолдол маш ховор байдаг нь тогтоогджээ.
Дээд шүүх даваа гарагт гаргасан нэг өгүүлбэр бүхий товч захирамждаа шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй байна. Энэ нь яаралтай хүсэлтүүдийг хэлэлцэх үедээ шүүхийн баримталдаг нийтлэг жишиг юм. Шүүгчдийн хэн нь ч уг шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа олон нийтэд илэрхийлээгүй байна. Түүнчлэн шүүх засаг захиргааны хүсэлтэд хариу тайлбар гаргахыг Калифорни муж улсаас шаардаагүй бөгөөд ийм алхам хийсэн тохиолдолд яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг нухацтай авч үзэж буйн илрэл болдог ажээ.
Калифорни муж улсын захирагч, Ардчилсан намын гишүүн Гэвин Ньюсом уг шийдвэрийг “Холбооны засгийн газраас манай ардчилал руу жигшим, аюултай дайралтууд хийж буй энэ үед бүх америкчуудын хувьд сайшаалтай мэдээ боллоо” хэмээн мэдэгджээ.
Холбооны давж заалдах шатны шүүх өнгөрсөн баасан гарагт засаг захиргааны хүсэлтийг мөн хүлээн авахаас татгалзжээ.
Д.Трампын засаг захиргаа хууль бус байж болзошгүй гэж үзсэн саналын хуудсуудыг бусад саналын хуудаснаас тусад нь ялгаж, тухайн сонгогчид АНУ-ын иргэн мөн эсэхийг тогтоох хүртэл тоолохгүй байхыг Калифорни мужаас шаардсан байна.