Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт орон гэргүй, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дархан сумын ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар болон “МС Тереаза төв” хүмүүнлэгийн байгууллага хамтран түр байрлах байранд амьдарч буй иргэдэд нийгмийн болон эрүүл мэндийн цогц тусламж үзүүлж байна.
Энэ үеэр иргэдийн цахим бүртгэлийг баталгаажуулах, дулаан хувцас, шаардлагатай хэрэглэлээр хангахын зэрэгцээ халдварт болон халдварт бус өвчний үзлэг, шинжилгээ хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Энэ удаагийн үзлэгээр уушгины эмгэг, сүрьеэгийн илрүүлэг, сүрьеэгийн эмчийн үзлэг, бэлгийн замаар дамжих халдвар болон ДОХ-ын шинжилгээ хийхээс гадна хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, артерийн даралт хэмжих зэрэг тусламж үзүүлж байна.
Үзлэг, шинжилгээгээр өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад авч, шаардлагатай нэмэлт оношилгоо, шинжилгээ хийсний дараа эрүүл мэндийн байдалд нь тохирсон эмчилгээ, тусламж үзүүлэх юм.
Дархан-Уул аймаг өмнө нь Засаг даргын шийдвэрээр гурван жилийн турш гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, өвлийн улиралд дулаан байраар хангах, түр ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулж байжээ. Үүний үр дүнд зарим иргэн түр ажлын байрнаас байнгын ажилтай болж, архаг хууч өвчнөө эмчлүүлэх, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах зэрэг эерэг өөрчлөлт гарсан байна.
