Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийд нэр хүндтэй бүжгэн жүжгийн компаниуд хамтран энэхүү урлагийн гоо үзэсгэлэн, түүх, соёлын өвийг олон нийтэд таниулах зорилгоор 2014 оны аравдугаар сарын 29-нөөс Дэлхийн балетын өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.
Бүжгэн жүжиг бол хөгжим, хөдөлгөөн, жүжиглэлт, биеийн уян хатан байдал, сэтгэл хөдлөлийг нэгтгэсэн сонгодог урлагийн гайхамшигт төрөл билээ. Энэ өдөр дэлхийн олон орны сонгодог театрууд нэгдэн, бүжгэн жүжгийн урлагийг дэлхий нийтэд сурталчилдаг. Тэгвэл өнөө жил “How Stories Are Made-Түүх хэрхэн бүтдэг вэ” уриалгыг дэвшүүлэн, тэмдэглэлт өдрөө өнгөрүүлж байна. Уг сэдэв нь бүжгэн жүжгийн тайзны ард өрнөдөг үйл явц, бүжигчдийн бэлтгэл сургуулилт, багш шавийн уламжлал болон бүжгээр дамжуулан түүх өгүүлэх урлагийг онцолж байгаа юм.
Бусад урлагийн өдрөөс ялгаатай нь үзэгчид бэлэн болсон жүжиг үзэхээс гадна балетчдын өглөөний дасгал, шинэ бүтээлийн бэлтгэл сургуулилалт, тайзны ард өрнөдөг амьдралыг шууд дамжуулалтаар үнэ төлбөргүй харах боломжтой байдаг. Бүжгэн жүжгийн урлаг Европт, ялангуяа Италийн Сэргэн мандалтын үеэс үүсэж, Франц, Орос зэрэг оронд хөгжжээ. Балетчин хүн олон жилийн турш бэлтгэл хийж, биеийн хүч, уян хатан байдал, тэсвэр тэвчээрээ хөгжүүлдэг. Бүжгэн жүжгийн хөдөлгөөнөөр хайр дурлал, баяр гуниг, мөрөөдөл, тэмцэл зэрэг хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг билээ.
Манай улсын хувьд 2024 оноос энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж, олон талт үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ гайхалтай урлагийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санд дотоод, гадаадын 60 гаруй сонгодон бүжгэн жүжиг байдаг бөгөөд тэдний нэг болох Мөнхийн хайрын түүхийг хөгжим, бүжгээр мэдрүүлэх “Ромео, Жульетта”-г удахгүй тайзнаа амилуулах гэж байна.

