Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

УЛААНБААТАР, 2026 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн дахинд олон нийтийн анхаарлыг татсан улс төр, эдийн засаг, нийгмийн чухал үйл явдлууд шил дараалан өрнөлөө. Тухайлбал, Бразилд Луис Инасиу Лула да Силва Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол Сербид оюутнуудын дэмжсэн нэр дэвшигчид парламентын сонгуульд яллаа. Мөн Орос-Африкийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Москва хотноо болж, АНУ-ын тэргүүн хатагтай М.Трампын дэмжлэгтэйгээр Украины Олешки хотод гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлжээ. Ингээд энэ оны 44 дэх долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Герман, Беларусьт айлчиллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улсад тус тус төрийн айлчлал хийлээ.
Монголын төрийн тэргүүн 14 жилийн дараа Германд төрийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийлээ. Харин Беларусьт Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлал нь 2024 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн дээд түвшний яриа хэлэлцээний үргэлжлэл боллоо. Минск хотын Тусгаар тогтнолын ордонд болсон хэлэлцээний үеэр талууд аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, тээвэр, ложистик болон хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн 2029 он гэхэд худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн Минск хотноо болсон бизнес форумын үеэр нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 20 орчим баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Түймэрт өртсөн Монголын дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон Улс дэмжлэг үзүүлнэ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай утсаар ярих үеэрээ их хэмжээний түймэрт өртсөн тус улсын зүүн бүсийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Японы харилцаа холбооны KDDI компани энэ сарын 8-нд уг дархан цаазат газарт гарсан түймэр Монгол дахь салбарынх нь үйл ажиллагаатай холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн байна.
Т.Санаэ утсаар ярих үеэрээ Японы Засгийн газар түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг анхааралдаа авч, гүнээ харамсаж буйгаа Монголын ард түмэнд илэрхийлжээ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (JICA) ой хамгаалал, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүдийг мягмар гарагт Монгол руу илгээснийг, тэдний тайланд үндэслэн шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал түймрийн улмаас учирсан хохирлын талаар мэдээлэл өгч, Японы талаас харамсаж буйгаа илэрхийлэн, тусламж үзүүлэх санал тавьсанд талархал илэрхийлжээ.
Бразил, Серби, Израилд сонгууль боллоо
Бразилд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад тус улсын одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нийт саналын 52 хувийг авснаар улиран сонгогджээ. Тэрбээр сонгуулийн эхний шатанд хоёрдугаарт орсон ч хоёр дахь шатанд ялсан тус улсын түүхэн дэх анхны нэр дэвшигч болсон байна. Эхний шатанд тэргүүлсэн түүний консерватив үзэлт өрсөлдөгч Флавио Болсонару сонгуулийн дүнг “тайлбарлахын аргагүй” хэмээн мэдэгдэж, булхай орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн боловч түүний нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийн дараа Ф.Болсонару өмнө нь эхлүүлсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан эх орноосоо гарахыг нь хориглосон шүүгчийн шийдвэрийг зөрчин Майами руу явсан байна. Тэрбээр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ сонгуулийг "дарангуйлал тогтоосон гэмт хэрэгтнүүд" хулгайлсан гэжээ.
Тэгвэл Сербид болсон парламентын ээлжит бус сонгуульд оюутнуудын хөдөлгөөнөөс дэмжсэн нэр дэвшигчид ялж, 2014 оноос хойш Сербийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн Александр Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал хоёр жил орчим үргэлжилсний дараа А.Вучич ээлжит бус сонгууль зарласан юм. Сонгуульд “Оюутнуудын жагсаалт”-аас нэр дэвшсэн хүмүүс гэнэтийн томоохон ялалт байгуулсныг тэмдэглэхээр олон арван мянган хүн гудамжинд гарчээ. Уг жагсаалтад оюутны байгууллагуудын сонгосон нэр дэвшигчид багтсан бөгөөд оюутнууд өөрсдөө нэр дэвшээгүй байна.А.Вучич ялагдсанаар ОХУ Европ дахь хоёр чухал холбоотноо алдлаа гэж ажиглагчид үзэж байна. Өмнө нь Унгарт Виктор Орбан мөн сонгуульд ялагдсан билээ.
Харин аравдугаар сарын 27-нд Израилд болсон парламентын сонгуулиар улс төрийн аль ч хүчин олонхын суудал авч чадсангүй. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлсэн эвсэл 120 суудалтай парламентын 53 суудлыг авсан бол сөрөг хүчний еврейчүүдийн намууд 48, арабуудын намууд 19 суудал авчээ. Арабуудын намуудын авсан 19 суудал нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд тэдгээр намын дэмжлэгийг авбал сөрөг хүчнийхэн парламентын олонхыг бүрдүүлэх боломжтой юм. Гэвч сөрөг хүчний еврейчүүдийн намуудын ихэнх нь арабуудын намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаас татгалзаж байгаа ажээ. Сонгуулийн эцсийн дүн баталгаажсаны дараа эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээ өрнөх төлөвтэй байна.
Пакистан, Саудын Араб, Туркийн удирдагчид Иранд айлчилжээ
“Меккагийн шинэ хэлэлцээр”-т гарын үсэг зурсан Пакистан, Саудын Араб, Туркийн төлөөлөгчид Ираны аюулгүй байдлын албаны дарга болон Ерөнхийлөгчтэй уулзахаар Техран хотод хүрэлцэн очжээ.
Уулзалт Иранаас дэмжлэгтэй йемен хусит босогчид Саудын Арабын дэд бүтцэд дахин цохилт өгсөн үед, мөн АНУ, Израил Иранд цаашид дахин цохилт өгч болзошгүй байгаа үед болжээ. Гэвч хэлэлцээний үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт болов
Орос-Африкийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 28-29-нд Москвад боллоо. Энэ удаагийн уулзалтад Африк тивийн 54 улсаас 48 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсний 22 нь төрийн тэргүүний түвшинд оролцсон байна.
2019 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү уулзалт нь Африк тивд улс төр, эдийн засаг, цэргийн нөлөөгөө бэхжүүлэхэд чиглэсэн Оросын эрх баригчдын цогц хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд, Барууны орнууд Африкийн байгалийн баялгийг ашиглаж, өр зээлийг нь нэмэгдүүлэх замаар хөгжлийг нь саатуулж байна хэмээн шүүмжлэв. Энэ удаагийн уулзалт хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн 146 баримт бичигт гарын үсэг зурснаар өндөрлөлөө. Эдгээр баримт бичгийн 92 нь Засгийн газар хоорондын хэлэлцээр, 54 нь хөгжлийн янз бүрийн салбарыг хамарсан санамж бичгүүд байна.
Ким Жөн Ун Хятадад гэнэтийн айлчлал хийжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хятадын Даньдун хотод гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр Ялу мөрнийг дамнасан гүүрээр автомашинаар Хятадын хилийн энэ хотод ирсэн байна.
Түүний айлчлалын албан ёсны зорилго нь Солонгосын дайны үеэр Умард Солонгост дэмжлэг үзүүлсэн Хятадын гавьяаг хүндэтгэх явдал байв. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй уулзалтын өмнө Хятадын талтай зөвлөлдөх, байр сууриа нэгтгэх зорилгооор айлчилсан байх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.
Өмнөд Солонгос хилийн асуудлаар хэлэлцээ хийх санал тавив
Хоёр Солонгосын цэрэггүй бүсэд хэд хэдэн хэрэг явдал гарч, улмаар Өмнөд Солонгосын гурван цэрэг тэсрэх бөмбөгт өртөн шархадсаны дараа Сөүлийн талаас Пёньянд хил хязгаар тогтоох яриа хэлэлцээ хийхийг санал болгов.
Умард Солонгос уг саналыг хүлээн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн дэлбэрэлт болсны дараа Умард Солонгосын тал хилийн дагуух чанга яригчаараа Өмнөд Солонгосын эсрэг ухуулга сурталчилгааны нэвтрүүлгээ дахин цацаж эхэлжээ.
Испанид хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн ами алджээ
Испанийн Мадрид, Севилья хотуудыг холбосон төмөр замын шугамд хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ. Галт тэрэгний нэг нь компьютерын системийн гэмтлээс болж зогссон байсан гэж мэдээлж байна.
Энэхүү осол тус улсын төмөр замын засвар, үйлчилгээний асуудалд дахин анхаарал хандуулахад хүргэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Испанийн өмнөд нутагт хурдны хоёр гал тэрэг мөргөлдсөний улмаас 46 хүн амиа алдсан юм.
Олешкид гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэллээ
Оросын цэргүүдийн хяналтад байгаа Украины Херсон мужийн Олешки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой зургаан өдрийн хугацаанд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлжээ. Гал зогсоох дэглэмийн үйлчлэх бүс Херсон мужийг бүхэлд нь хамарч байгаа талаар мэдээлж байна. Үүний зэрэгцээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Даби хотноо болох Орос, Украин, АНУ-ын талуудын уулзалтын өмнөхөн Финланд, Норвегийн удирдагчидтай утсаар ярьжээ.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч эх орондоо буцаж иржээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо эх орондоо буцаж иржээ. Тэрбээр Нобелийн энх тайвны шагнал гардан авахаар 10 сарын өмнө эх орноосоо явсан юм.
Нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилснаас хойш Мачадо эх орондоо буцаж ирэхийг хэд хэдэн удаа оролдсон байна.
Д.Трампын засаг захиргааны зуучлалаар явуулж буй Венесуэлийн сонгуулийн үйл явцын талаарх хэлэлцээнд түүний намыг оролцуулаагүй хэдий ч тэрбээр ээлжит бус сонгууль явуулахыг уриалсаар байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээ ахицтай үргэлжилж байгааг дурдаад, “энэ үйл явцыг хэн ч гацаахыг оролдох ёсгүй” гэж мэдэгджээ.
Их Британийн хаан Карибын тэнгисийн орнуудад хийх айлчлалаа эхлүүлжээ
Их Британийн хаан III Чарльз Карибын тэнгисийн бүс нутгийн зарим улс боолчлолын хохирлыг барагдуулахыг Их Британиас шаардаж буй энэ үед тус бүс нутгийн орнуудад хийх айлчлалаа эхлүүлжээ.
Эл бүс нутгийн хэд хэдэн улсын Засгийн газар боолчлолын нөхөн төлбөрийн асуудлыг Антигуа ба Барбудад болох Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлуудын жагсаалтад эхэнд оруулах хүсэлтэй байгаа ажээ. Уг уулзалтад Их Британийн хаан оролцох юм.
Alphabet-ын хувьцааны ханш унаж, Microsoft ажилтнуудаа цөөлөхөөр төлөвлөжээ
Alphabet компанийн хөрөнгө оруулалтын зардал шинжээчдийн таамгаас хавьгүй өндөр байгаа тухай мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш унажээ. Харин Microsoft компанийн хувьцааны ханш харьцангуй тогтвортой байв. Тус компани хөрөнгө оруулалтын зардал нь Уолл-стритийн шинжээчдийн таамаглаж байснаас бага гарсныг мэдээлсэн бөгөөд үүнд шинэ дата төвүүдийн барилгын ажил хойшилсон нь голлон нөлөөлжээ. Зардлаа хянах зорилгоор Microsoft дэлхий даяарх ажиллах хүчнийхээ дөрөвний нэгтэй тэнцэх 60 мянган ажилтнаа “сайн дурын үндсэн дээр ажлаас гарах санал”-аар цөөлөхөөр төлөвлөж байна. Тус компанийн мэдээлснээр, энэ санал нь “цаашид компаниас гадуур ажиллах талаар бодож буй ажилтнуудад шилжилт хийх шинэ боломж олгох” зорилготой ажээ.
Европын Төв банкны тэргүүн огцроно гэдгээ мэдэгдэв
Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас есөн сарын өмнө буюу ирэх хоёрдугаар сард албан тушаалаасаа огцроно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Европын Төв банкны ерөнхийлөгчөөр 2019 онд томилогдсон бөгөөд энэ албан тушаалд ийм удаан ажиллана гэж төсөөлөөгүй байснаа дурдаад, “хийх ёстой ажлаа сайн гүйцэтгэсэн гэсэн сэтгэл ханамжтайгаар” ажлаа хүлээлгэн өгч байгаагаа хэлсэн байна.
К.Лагард Дэлхийн эдийн засгийн чуулганы даргаар ажиллах боломжийг тус байгууллагын удирдлагуудтай хэлэлцэж байгаа ажээ. Европын Зөвлөл түүний залгамжлагчийг томилох бөгөөд одоогоор Нидерланд, Испанийн нэр дэвшигчид энэ өрсөлдөөнд тэргүүлж байна. Үүний зэрэгцээ Европын Төв банкны Удирдах зөвлөл Франкфурт хотод хуралдах үеэрээ бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээв
АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан (ХНС) ээлжит хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээж, 3.75-4 хувийн түвшинд хадгаллаа. ХНС-ны тэргүүн Кевин Уорш инфляцыг хянахын тулд “мөнгөний бодлогын шинэ арга арга хэмжээг” үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. Харин зах зээлд оролцогчид ирэх саруудад ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна.
Зэсийн үнэ өсжээ
Хиймэл оюуны салбарын компаниудын хувьцааны ханш эргэн сэргэж, Хятадад эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдсон нь зэсийн үнийг өсгөв. Лондоны металлын биржийн мягмар гаргийн арилжааны явцад гурван сарын хугацаатай нийлүүлэх зэсийн үнэ 14 490.50 ам.долларт хүрсэн нь энэ сарын 16-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Хятадын зэсийн импортын эрэлтийг илэрхийлдэг гол үзүүлэлт болох Яншань боомтын нэмэгдэл үнэ тонн тутамдаа 188 ам.долларт болж, сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол үргэлжилж байгаа хэдий ч ам.долларын ханш чангарч, үнэ өссөнөөс хэрэглэгчдийн эрэлт суларч, үнийн өсөлтийг хязгаарлах төлөвтэй байна.
Ирэх долоо хоногт болох онцлох үйл явдлууд:
Арваннэгдүгээр сарын 2-нд
Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн "ATP Masters 1000" ангиллын "Rolex Paris Masters 2026" тэмцээн Францын Нантер хотод эхэлнэ.
Арваннэгдүгээр сарын 3-нд
Арваннэгдүгээр сарын 4-нд
Арваннэгдүгээр сарын 5-нд
Арваннэгдүгээр сарын 6-нд

COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна
Монгол мэдээ
Анталья хотноо COP31 Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа