Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ДОХА, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /TASS/. Ойрх Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөний улмаас дэлхийн зарим зах зээлд дизель түлшний нөөц сүүлийн 35 жилийн хугацаанд жилийн энэ улирлын хамгийн доод хэмжээнд хүрээд байгаа тухай Абу-Дабигийн үндэсний газрын тосны компанийн (ADNOC) захирал Султан бин Ахмед аль-Жабер мэдэгджээ.
Тэрбээр олон улсын эрчим хүчний ADIPEC бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр тасалдсанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт ихээхэн саатсаныг дурдсан байна. Тухайлбал, зарим зах зээлд дизель түлшний нөөц жилийн энэ үеийн хувьд сүүлийн 35 жилд байгаагүй доод хэмжээнд хүрчээ. Түүнчлэн зарим зах зээлд шингэрүүлсэн байгалийн хийн хомсдол үүсээд байгааг онцолсон байна.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр тасалдсанаас хойш дэлхийн газрын тосны нөөцөөс нэг тэрбум шахам баррель газрын тос хэрэглэжээ. Үүний зэрэгцээ түүхий эд тээвэрлэх зардал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Ирантай мөргөлдөөн эхлэхээс өмнө нэг баррель газрын тосны үнийн тав орчим хувийг тээврийн зардал эзэлж байсан бол одоо 30 хувьд хүрчээ. Ормузын хоолой нь эрчим хүчний эх үүсвэрүүдийг олон улсын зах зээлд нийлүүлэх стратегийн чухал замуудын нэг хэвээр байна. Дэлхийн газрын тосны худалдааны нийт хэмжээний 25 орчим хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь нь тус хоолойгоор дамжин өнгөрдөг.
АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Зургаадугаар сард АНУ, Ираны талууд байлдааны ажиллагааг, мөн Ливаны нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохоор тусгасан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч долоодугаар сарын 8-нд шилжих шөнө АНУ-ын тал Ираныг Ормузын хоолойтой холбоотой тохиролцоогоо биелүүлээгүй хэмээн буруутгаж, тус улсын нутаг дэвсгэрт дахин өргөн хүрээтэй цохилт өгч эхэлсэн байна. Үүний дараа АНУ-ын засаг захиргаа Иранд үзүүлэх шахалтаа цэргийн ажиллагаанаас илүүтэй эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар нэмэгдүүлэх чиглэлд шилжжээ.