Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хүүхэд хамгааллын жишиг бодлогыг энэ онд баталж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мөрдүүлж эхэлжээ. Үүний үр дүнд одоогоор 102 байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болсон байна.
Мөн 73 байгууллага хүүхдийн өрөө, хүүхэд харах төв байгуулжээ. Тухайлбал, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 329 дүгээр тусгай салбар, “Турбо” авто сервис ХК хүүхдийн өрөө тохижуулсан бол ерөнхий боловсролын таван сургуулийн дотуур байр “Хүүхэд хөгжлийн өрөө”-тэй болжээ. Харин Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульхан застав “Хүүхэд харах төв” байгуулан ажиллуулж байгааг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас мэдээллээ.
Түүнчлэн хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй орчныг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор 152 орон сууц, 22 төрийн байгууллага, 97 аж ахуйн нэгжийн нийт 271 объектод хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 1069 зөрчил илрүүлснээс албан шаардлага, мэдэгдлийн дагуу 850 гаруйг нь арилгуулсан байна.