Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Тэргүүн шагнал "Бүтээлийн ундарга"-ын эзнийг тодруулна. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “Бүтээлийн ундарга”, “Оюуны ундарга” Дорнод аймгийн тэргүүн шагналыг бий болгож байсан юм.
Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “Бүтээлийн ундарга”, “Оюуны ундарга” тэргүүн шагналыг бий болгожээ.
Дорнод нутгаас төрсөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөр буюу То Вангийн дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлээрээ, XX зууны Монголын манлай эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдгийг оюуны бүтээл, туурвилаараа амжилт гаргасан хүмүүст олгодог уламжлал тогтоод 20 орчим жил болж байна.
Ийнхүү 2026 онд Дорнод аймгийн тэргүүн шагнал “Бүтээлийн ундарга”-ын эзнийг тодруулахаар аймгийн Засаг даргын захирамжаар шагналд нэр дэвшигчийг шалгаруулах ажлын баг байгуулаад байна.
“Бүтээлийн ундарга” шагналд нэр дэвшигч Дорнод аймгийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан “То Ван” судлал болон түүний амьдрал, үйл бүтээл, туурвилыг сурталчлан дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан дотоод гадаадын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, түүний гишүүд, мөн ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд материалаа илгээх боломжтой.
Ажлын баг шалгаруулалт хийж, 1-2 хүний нэрийг тодруулан аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн эцсийн шалгаруулалтыг хийдэг. Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүлээн авна.