Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Эрдэмтэд Хэрлэнгийн сав газрын модны цагирагийн мэдээлэлд тулгуурлан 1630-2007 он 378 жилийн урсцыг сэргээн тооцсон байна. Ингэхэд өнгөрсөн дөрвөн зуунд өнөөгийн хэмжилтийн богино хугацаанаас харагдахаас ч хүчтэй хэлбэлзэл тохиолдож байжээ. Тухайлбал 1723-1739 онд 17 жил үргэлжилсэн хүчтэй ган тохиолдсон нь сэргээн тооцсон бүх хугацааны хамгийн хүнд гангийн үе байсан байна. Мөн 1768-1778 онд 11 жилийн хуурай үе үргэлжилжээ.
Харин ус элбэг үе ч олон жилээр үргэлжилж, 20 дугаар зуунд 1907-1912 он, 1933-1942 он, 1958-1968 онд томоохон услаг үе бүртгэгдсэн байна.
Хэрлэн голын нийт урт 1264 км. Үүний 1090 км буюу 86 орчим хувь нь манай улсын нутгаар урсаж, цааш БНХАУ-ын Өвөр Монголын нутгаар үргэлжлэн Хөлөн нуурт цутгадаг.
Хэрлэн голын усны хэмжээ нь жил бүр тогтмол байдаггүй. Учир нь Хэнтийн нурууны ойт хээрээс Дорнодын хуурай тал руу шилжин урсдаг тул урсац нь хур тунадас, ууршилт болон уур амьсгалын хэлбэлзлээс хүчтэй хамаардаг гэж хэлж болно. Олон жилийн дундаж урсац Багануур орчимд 648 сая м.куб байдаг бол Монгол-Хятадын хилд хүрэхэд 530 сая м.куб болж буурдаг. Тухайлбал, хориод жилийн өмнө онцгой хуурайшилтын үеэр Хятадын нутаг дахь доод хэсгээрээ 200 хоног тасарч байжээ. Мөн энэ үед Хөлөн нуурт хүрсэн Хэрлэн голын жилийн нийт урсац ердөө 38 сая м.куб болж буурч байв. Энэ нь далан, усан сангийн нөлөө бус тухайн үеийн онцгой хуурайшилт болон Хэрлэнгийн байгалийн урсацын хүчтэй хэлбэлзэлтэй холбоотой юм.