Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол орны зүүн хязгаарын экологийн тэнцвэрийг хадгалж, ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалж ирсэн Нөмрөгийн дархан цаазат газрын өргөн уудам нутаг энэ намар ой хээрийн түймэрт өртлөө.
Түймрийн дараах байгаль орчны хохирлыг тогтоох судалгаа үргэлжилж, цаашид экосистемийг хэрхэн нөхөн сэргээх асуудал эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байна. Гэвч шатсан талбайд мод тарьж, өвс ургамал ургуулах төдийд байгаль анхны төрхөндөө эргэн орохгүй. Учир нь ой, хээрийн экосистем нь хөрс, ургамал, бичил биетэн, ус, шавж, шувуу, зэрлэг амьтдын харилцан хамааралд оршин тогтнодог амьд тогтолцоо билээ. Тиймээс Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлт нь хэдэн жилийн ажил бус шинжлэх ухааны урт хугацааны судалгаа, хамгаалалт, хяналт шаардсан цогц үйл явц байх шаардлагатай байна.
Энэ оны аравдугаар сарын 8-нд гарсан түймрийн хамрах хүрээг хиймэл дагуулын зураглалд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587.7 мянган га талбайн 448,993.6 га буюу 76.4 хувь, мөн тусгай хамгаалалттай газрын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөнийг тогтоожээ. Харин эрдэмтэн судлаачдын урьдчилсан судалгаагаар 24 мянган га орчим ойн экосистем түймэрт өртсөнийг тогтоогоод байна. Ойн шаталтын зэрэглэл, насжилт болон гэмтлийн хэмжээг эцсийн шинжилгээний дүнгээр тодорхойлох юм.

Гэхдээ түймрийн хохирлыг зөвхөн шатсан газрын хэмжээгээр дүгнэх боломжгүй. Тухайлбал, ургамлын бүрхэвч шатахад хөрсний гадаргыг хамгаалж байсан бүрхүүл үгүй болж, салхи, усны элэгдэл нэмэгдэх эрсдэлтэй. Түүнчлэн хөрсний органик бодис, бичил биетний орчин, ургамлын үндэсний систем гэмтсэн эсэхээс шалтгаалан байгалийн нөхөн сэргэх явц өөр өөр.
Хээрийн судалгаагаар тал хээрийн ургамлын газрын дээрх биомассын дийлэнх хэсэг шатсан бол түймэрт өртсөн хусан ойн хэсгүүдэд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байгааг урьдчилан тогтоожээ. Энэ нь бүх шатсан талбай ижил хэмжээний хохирол амссан гэсэн үг биш. Гадаргын ургамал шатсан ч үндэс, хөрсний амьд үр давхарга харьцангуй хадгалагдсан газарт байгалийн жамаар сэргэх боломж илүү гэж хэлж болно.
Харин өндөр эрчимтэй шаталт хөрсний органик давхарга, модны үндэс, үрийн нөөцийг гэмтээсэн бол нөхөн сэргэх хугацаа уртсах магадлалтай юм. Одоогоор судлаачид хөрсний шинж чанар, ургамлын үндэс, органик бүрэлдэхүүн хэсэгт гарсан өөрчлөлтийг лабораторийн шинжилгээгээр тогтоож байна. Мөн түймэрт өртсөн болон өртөөгүй талбайн ургамлын дээжийг харьцуулан судална.
Нөмрөгийн дархан цаазат газар яагаад онцгой хамгаалалт шаарддаг вэ?
Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хэсэгт оршдог бөгөөд Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг онцгой ач холбогдолтой нутаг. Тус газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2019 онд өргөтгөн 587.7 мянган га талбайг хамруулах болсон байна. Энд 487 зүйлийн ургамал, 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас бүртгэгджээ. Түүнчлэн дорнын молцог хандгай, хүрэн баавгай, халиун буга, голын халиу зэрэг ховор амьтдын амьдрах орчин болдог.

Энэ нутгийн экологийн үнэ цэн нь зөвхөн амьтан, ургамлын зүйлийн тоогоор хэмжигдэхгүй. Ой, гол мөрөн, намаг, тал хээрийн экосистемүүд хоорондоо холбогдсон байдгаараа онцлогтой. Нэг орчны доройтол нөгөө орчны амьдралд нөлөөлөх боломжтой гэсэн үг. Тухайлбал, ойн бүрхэвч багасахад хөрсний чийг хадгалах нөхцөл өөрчлөгдөж, голын эх, усны горимд нөлөөлж болно. Ургамлын бүрхэвч доройтоход өвсөн тэжээлт амьтдын идэш тэжээлийн нөөц багасаж, улмаар тэдгээрээр хооллодог махчин амьтдын амьдрах орчинд ч өөрчлөлт гарна. Тиймээс Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтийг шатсан ойн талбайгаар хязгаарлах бус, байгалийн бүхэл бүтэн тогтолцооны хүрээнд авч үзэх шаардлагатай.
Нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ?
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулсан уулзалтад ургамал, амьтан, шувуу, шавж, ой, хөрс, цаг уур, зайнаас тандан судлал, экологийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцож, нөхөн сэргээлтийн судалгаа, аргачлалын талаар санал солилцжээ.
Эрдэмтдийн хэлэлцүүлгийн гол санаа нь түймэрт өртсөн бүх газарт ижил арга хэмжээ хэрэгжүүлэх бус, байгалийн жамаар нөхөн сэргээх боломжтой болон хүний оролцоо шаардлагатай талбайг ялган тогтоох нь чухал гэж үзжээ. Тухайлбал, түймэрт өртсөн талбай бүрт хөрсний бүтэц, чийг, органик бодис, үржил шим, ургамлын үндэсний системд гарсан өөрчлөлтийг судалж, хөрсөнд хадгалагдсан үрийн нөөц, түймрийн дараа байгалийн жамаар соёолж буй ургамлын төрөл, бүрхэвчийг тогтмол хянах, хэрэв хөрсний давхарга хүчтэй гэмтсэн, элэгдэл үүсэх эрсдэлтэй бол тухайн хэсэгт мэргэжлийн байгууллагын заавраар хөрс хамгаалах, унаган ургамлын зүйлийг нөхөн нутагшуулах арга хэмжээ авах нь чухал гэсэн байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын хусан ой, нарсан төгөл нь тухайн нутгийн экологийн чухал бүрэлдэхүүн учраас ойн нөхөн сэргээлтэд эхлээд модны амьд үлдсэн хэсэг, үндэсний систем, байгалийн үржил болон залуу модны ургалтыг судалж, байгалийн нөхөн сэргэх боломжтой хэсэгт хөрсийг хөндөхгүй, байгалийн үржлийг дэмжих нь зүйтэй, нөхөн сэргэх боломжгүй хэсэгт тухайн нутгийн унаган зүйлээр нөхөн тарилт хийх боломжийг судлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Түймрийн улмаас амьтад түймэрт өртөөгүй хэсэгт шилжин бөөгнөрөх нөхцөл үүсээд байгаа юм. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээллээр түймэрт өртөөгүй үлдсэн хоёр хэсэгт зэрлэг амьтдын нягтаршил ердийн үеэс нэмэгдсэн нь ажиглагджээ. Тиймээс өвөлжилтийн үед идэш тэжээлийн хүрэлцээг судалж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналттай биотехникийн арга хэмжээ авахыг чухалчилж байна.
Ой хээрийн түймрийн дараа ургамлын бүрхэвч багасах нь хур тунадасны усыг хөрсөнд шингээх, тогтоох явцад нөлөөлж болзошгүй байна. Тиймээс Нөмрөгийн гол болон бусад гол, горхины сав газарт усны чанар, булингаршил, эргийн ургамлын бүрхэвч, хөрсний элэгдлийг тогтмол хянах шаардлага урган гарч байна.
Нөхөн сэргээлтийг нэг удаагийн өвс ургамал, мод тарих төдийхнөөр дуусгаж болохгүй юм. Жил бүр ижил цэгүүдэд хөрс, ургамал, мод, амьтны тархалт, усны нөхцлийг хэмжиж, өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулж, байгаль өөрөө хэрхэн сэргэж байгаа, хүний оролцоо шаардлагатай хэсэг хаана байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох нь чухал.
Нөхөн сэргээлтэд хэдэн жил шаардагдах нь Нөмрөгийн дархан цаазат газрын хувьд хамгийн чухал асуултуудын нэг билээ. Түймрийн дараах байгалийн нөхөн сэргэх хугацаа бүх экосистемд харилцан адилгүй байдаг байна. Тодруулбал, дундаж түвшний түймэр, сэрүүн уур амьсгалын нөхцөлд хөрс болон усны орчны абиотик үзүүлэлтүүд дунджаар 10 орчим жилд нөхөн сэргэх боломжтой бөгөөд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өмнөх төлөвтөө ойртоход 15-25 жил шаардагдаж болохыг шинжлэх ухааны бүтээлүүдэд дурджээ. Гэхдээ ургамлын бүрхэвч дахин ургах, ойн бүтэц, насжилт, экосистемийн анхны тэнцвэр бүрэн сэргэх нь өөр өөр хугацаатай үйл явц гэнэ.
Түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн талаар олон улсын туршлагаас суралцах нь мэдээж зүйтэй. Тухайлбал, АНУ-ын Йеллоустоун үндэсний паркт 1988 онд гарсан томоохон түймрийн дараах байгалийн нөхөн сэргэх үйл явцыг олон жилийн турш судалсан байдаг. Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтийн асуудлаар Япон улстай хамтран ажиллах боломжийг ярилцах үеэр ЖАЙКА-гийн биологийн олон янз байдал, экосистемийн хамгааллын ахлах зөвлөх, доктор Мотохиро Хасегава Йеллоустоуны түймрийн дараах экосистемийн нөхөн сэргээлтийн судалгаанд оролцож байсан туршлагаасаа хуваалцжээ. Талууд тухайн туршлагаас Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан ашиглах боломжийг судлах, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцсон байна. Эндээс анхаарах нэг зүйл бол байгалийн нөхөн сэргээлтэд хүний оролцоог аль болох шинжлэх ухааны үндэслэлтэй, шаардлагатай хэмжээнд байлгах явдал юм. Байгалийн жамаар сэргэх боломжтой газарт хөрсийг дахин хөндөх, хэт их мод тарих, унаган бус ургамал нутагшуулах нь зарим тохиолдолд сөргөөр нөлөөлж болзошгүйг энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байна.
Төгсгөлд нь онцлоход, Нөмрөгийг сэргээх нь нэг удаагийн ажил биш. Тодруулж хэлбэл, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан энэхүү түймэр Монгол орны байгалийн онцгой бүс нутгийг хамгаалах тогтолцоо, түймрийн эрсдэлийн удирдлага, урт хугацааны экологийн судалгааг шинэ шатанд гаргах шаардлагатай болсныг харуулж байна.
Одоогийн байдлаар эрдэмтэн судлаачдын хээрийн судалгаа, дээж цуглуулах ажил дуусаж, лабораторийн шинжилгээ, нэгдсэн үнэлгээний ажил үргэлжилж байгаа юм. Мөн байгаль орчны асуудал эрхэлсэн яам, мэргэжлийн байгууллагууд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг богино, дунд, урт хугацаагаар боловсруулах асуудлыг хэлэлцэж байна.
Цаашид Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд улсын төсөв, олон улсын байгууллага, түнш орнуудын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг татан оролцуулах шаардлага ч бий. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийн ажлыг хэдэн мод тарьсан, хэдэн га талбайд ажил хийснээр хэмжих бус хөрс нь хэрхэн сэргэв, унаган ургамал дахин ургав уу, ховор амьтад амьдрах орчиндоо эргэн нутагшиж байна уу, гол мөрний экосистем хэвийн байдалдаа орж байна уу гэдгээр үнэлэх учиртай.

Нөмрөгийг сэргээх нь зөвхөн шатсан ойг ургуулах бус Монгол орны зүүн хязгаарын амьд байгалийн бүхэл бүтэн тогтолцоог ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн төлөөх урт хугацааны хариуцлага билээ.
