Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэ суманд 12 ортой шинэ эмнэлгийн барилгыг өчигдөр ашиглалтад орууллаа.
Сумын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор шинэ эмнэлгийн барилгыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Харин эмнэлгийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны шугам сүлжээний ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жи Би Ти Эм Би Констракшн” ХХК барилга угсралт болон инженерийн шугам сүлжээний холбогдох ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 21.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тавилга, тоног төхөөрөмжөөр хангажээ.
Тус суманд 12 ортой шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаар сумын иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон нутагтаа
авах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал ач
холбогдолтой юм. Ташрамд, Эрдэнэ сум 2350 орчим хүн амтай бөгөөд нийт хүн амын 56.2 хувь
нь сумын төвд, 43,8 хувь нь хөдөө амьдарч байна.
