Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт түрээслээд өмчлөх зориулалтаар ашиглалтад орж буй “Мандах наран-7” орон сууц хорооллын хөтөлбөрт иргэдээс 992 материал ирүүлснээс, шаардлага хангасан 222 иргэний дунд орон сууц хуваарилах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулжээ.
Иргэдийг орон сууцжуулах, амьдрах орчныг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Мандах наран-7” хороолол Сайншанд сумын VII багт гурав хоногийн өмнө ашиглалтад орсон. Нийт 288 айлын есөн давхар дөрвөн блок барилгын гурван блок буюу 216 айл түрээслээд өмчлөх байрны түлхүүрээ гардсан юм.
Мөн, түрээслээд өмчлөх орон сууцанд олон хүүхэдтэй 10 гэр бүлийг сугалахгүйгээр шууд байр сонгоод орох боломжийг олгож батламж гардуулсан байна. Тус аймаг 2016 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2800 гаруй айлыг орон сууцаар хангажээ.
Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд
баригдсан орон сууцны мкв-ын үнэ одоогоор 2.7 сая төгрөг байна. Түрээсийн орон
сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн
байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан
айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү
огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын
хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь
үүсэх юм.