Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар аймгийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.
Хуралдаанаар орон нутгийн төсвийн төлөвлөлт, санхүүжилт, татвар, төлбөр, хураамжийн зохицуулалт, газар ашиглалт, хот байгуулалтын төлөвлөлттэй холбоотой нийт есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгч О.Ууганбаатарыг тус хорооны даргаар томилов.
Мөн агаарын бохирдлын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.
Үүнээс гадна улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан тогтоох, нийтийн эдэлбэр газрын энгийн хог хаягдлыг цэвэрлэх болон булшлах зардлын нэгж тарифыг шинэчлэн батлах шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Дэрэн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, сумын төвийн цаашдын төлөвлөлт, газар зохион байгуулалт, бүтээн байгуулалтын үндсэн чиглэлийг тодорхойлох асуудлыг шийдвэрлэв. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн асуудлаар санал өгсөн нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг байлаа.
Ийнхүү аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол болон орон нутгийн төсөв, санхүү, татвар, төлбөр, хот байгуулалт, газар ашиглалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

