Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны 10 дугаар сарын 29/ МОНЦАМЭ/. Дундговь аймгийн жендэрийн нөхцөл байдлыг бодит тоо баримт, судалгаанд тулгуурлан тодорхойлж, цаашдын бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор Канад-Монголын МЕРИТ төслийн хүрээнд дүн шинжилгээний урьдчилсан тайланг танилцуулж, хэлэлцлээ.
Уулзалтад аймгийн удирдлагууд, Канад-Монголын МЕРИТ төслийн баг, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл, аймгийн Жендэрийн салбар хорооны гишүүд болон холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтын үеэр хүн амын нас, хүйсийн бүтэц, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, малчин өрхийн амьдрал, шийдвэр гаргах түвшний оролцоо зэрэг асуудлыг хөндөж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Дундговь аймгийн 2023 оны жилийн эцсийн статистик мэдээллээр суурин хүн ам 46,131 байсны 49.6 хувь нь эмэгтэй, 50.4 хувь нь эрэгтэй байжээ. Харин аймгийн жендэрийн нөхцөл байдлын өмнөх үнэлгээнд ашигласан 2017 оны мэдээллээр нийт 46,383 хүн амтай байсны 50.2 хувь нь эрэгтэй, 49.8 хувь нь эмэгтэй байсан байна.
Дүн шинжилгээний хүрээнд хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, малчин өрхийн амьдрал, шийдвэр гаргах түвшний оролцоог жендэрийн өнцгөөс авч үзэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм.
Өмнөх статистик мэдээллээр өрх толгойлсон иргэдийн 78.5 хувийг эмэгтэйчүүд, ажилгүй иргэдийн 68.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан нь нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх шаардлагыг харуулж байна.
Дүн шинжилгээний үр дүнд үндэслэн 2027–2031 оны стратеги төлөвлөгөөнд орон нутгийн онцлогт нийцсэн зорилт, үйл ажиллагаа, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусгахаар төлөвлөж байна. Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, эдийн засгийн оролцоо, боломж, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох ач холбогдолтой.
Судалгааны үр дүнг бодлого, төлөвлөлт, төсөв боловсруулахад ашигласнаар төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, нөөцийг оновчтой хуваарилах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны үр дүнг хэмжих боломж бүрдэнэ.
Дүн шинжилгээний үр дүнд үндэслэн Дундговь аймгийн 2027–2031 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөг боловсруулна. Ингэснээр орон нутгийн онцлог, бодит хэрэгцээнд нийцсэн зорилт, үйл ажиллагааг тодорхойлж, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах юм.

