Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 4. /МОНЦАМЭ/. Дундговь аймагт нэг кг хонины мах 18 мянга, ямааны мах 17 мянга, үхрийн мах 28 мянган төгрөгийн үнэтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл, бэлчээрийн даац, малын тарга хүч зэрэг нь махны нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа энэ үед иргэд өвлийн идшээ хэрхэн бэлтгэх, малчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх асуудал анхаарал татаж байна.
Үндэсний статистикийн хорооны үнийн ажиглалтаар тус аймагт махны үнэ дээрх түвшинд байгаа бол улсын хэмжээнд 2026 оны есдүгээр сарын байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 50, хонины ястай махных 55.3 хувиар өсжээ.
Дундговь аймаг 2026-2027 оны өвөл, хавар 6.3 сая толгой мал өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөсөн бөгөөд аравдугаар сарын 22-ны байдлаар бэлтгэл 65 хувьтай байв. Түүнчлэн аймгийн нийт нутгийн 69 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн нь мал сүргийн тарга хүчийг хадгалах, өвөлжилтийг өнтэй давахад хүндрэл учруулж болзошгүй байна.
Зуншлага гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн нөхцөлд малчид өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэхийн зэрэгцээ малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд борлуулах шаардлагатай болж байна. Харин иргэд өвлийн идшээ эртнээс бэлтгэхдээ малчнаас шууд худалдан авах, эсвэл зах, худалдааны төвөөс сонгох боломжтой.
Малчнаас шууд мах худалдан авах нь зуучлалын зардлыг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх давуу талтай. Өмнөх жилүүдэд Дундговь аймгийн найман сумын 62 малчны төлөөлөл нийслэлд зохион байгуулсан “Өвлийн идэш” худалдаагаар 160.9 тонн мах, махан бүтээгдэхүүн борлуулж, 1.328 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь орон нутгийн малчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх замаар борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.
Өвлийн идшээ бэлтгэхдээ иргэд махны үнэ, чанараас гадна малын эрүүл мэнд, гарал үүслийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, мал эмнэлгийн гэрчилгээтэй, гарал үүсэл нь тодорхой мах сонгож, нядалгаа, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлийг нягтлах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал юм.