Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д түшиглэсэн, инженерчлэл, технологийн чиглэлээр төрөлжсөн сургалттай ахлах сургууль нээлээ.
Тус сургуулийг аймгийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн А/630 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд 320 сурагч хүлээн авах хүчин чадалтай юм. Сургуулийн нээлтэд аймгийн удирдлагууд, Боловсролын газрын дарга М.Энхтуяа, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцов.
Тус сургууль нь сурагчдад 10 дугаар ангиас нь инженерчлэл, технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Сургалтын хөтөлбөр, арга зүйг ШУТИС-ийн сургалтын агуулга, багш нарын хамтын ажиллагаанд тулгуурлан боловсруулж, их сургуулийн түвшний суурь мэдлэг олгохоор төлөвлөжээ.
Сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэхэд аймгаас сүүлийн 10 сарын хугацаанд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ хүрээнд гал тогооны иж бүрдэл, багш, сурагчдын ширээ, сандал, зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц, хувилагч зэрэг тоног төхөөрөмжөөр хангажээ.
Мөн 2027 онд 320 хүүхдийн дотуур байр шинээр барих, одоогийн сургалтын байранд их засвар хийх ажлыг ирэх оны төсөв, төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна. Аймгийн зүгээс сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Инженерчлэл, технологийн чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль байгуулагдсанаар орон нутгийн сурагчид шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой болж, инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх хүний нөөцийн суурийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

