Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд суманд хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, зөв төлөвшлийг дэмжих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Жүдо” клубийн сургалтын танхимыг тохижуулж, энэ сарын 4-нд нээлээ.
Сургалтын танхимыг сумын удирдлага, эцэг эх, асран хамгаалагчид, нутгийн иргэдийн хандив, дэмжлэгээр тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцжээ.
Дундговь аймгийн Цагдаагийн газраас хүүхэд, өсвөр үеийнхний эрх, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаа, хүүхдийн хоорондын эерэг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор “Өсвөр үе ба ментор цагдаа” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Хулд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Бүргэд 2023 оноос эхлэн хүүхэд, багачуудыг жүдо бөхийн спортоор хичээллүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ сахилга бат, тэвчээр хатуужил, хариуцлага, зөв хандлага төлөвшүүлэхэд анхаарч ажиллажээ.
Сургалтын танхим ашиглалтад орсноор хүүхэд, өсвөр үеийнхэн жүдо бөхөөр тогтмол хичээллэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, спортын ур чадвараа хөгжүүлэх орчин, боломж бүрдэж байна. Түүнчлэн спортын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд, цагдаагийн алба хаагчдын харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дундговь аймгийн Цагдаагийн газраас уг хөтөлбөрийг аймгийн долоон суманд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд үндэсний бөх, жүдо, сагсан бөмбөг, шагайн харваа, хүчний гурван төрөлт, самбо, теннисний дугуйлан хичээллүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийгмийн эерэг хандлага, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэж байна.
Мөн цагдаагийн алба хаагчид хүүхэд, өсвөр үеийнхэнтэй тогтмол харилцаж, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж буй асуудлыг эрт илрүүлэх, шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.


