Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, стратеги төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүний нөөцийн клубийн гишүүд SWOT шинжилгээний дадлага ажил хийлээ.
Канадын MERIT төслийн зөвлөх Мишель Карлзены удирдсан дадлага ажилд төрийн 19 албан хаагч оролцсон бөгөөд тэдний 17 нь буюу 89.5 хувь нь эмэгтэй, хоёр нь буюу 10.5 хувь нь эрэгтэй байв.
Оролцогчид цахим сургалтаар эзэмшсэн мэдлэгээ бататгаж, хүний нөөцийн SWOT шинжилгээ хийх үндсэн үе шат, аргачлалыг практик дасгалаар туршин, гарсан үр дүнг хэлэлцжээ.
SWOT шинжилгээ нь байгууллагын давуу болон сул тал, гадаад орчны боломж, аюул заналыг тодорхойлж, цаашдын бодлого, шийдвэрээ төлөвлөхөд ашигладаг арга юм.
Дадлагын үеэр төрийн албаны хүний нөөцийн удирдлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, байгууллагын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн цаашдын хөгжлийн чиглэл, тэргүүлэх зорилтыг тодорхойлохын зэрэгцээ хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг байгууллагын зорилго, үйл ажиллагаатай уялдуулах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг оновчтой ашиглах талаар санал солилцжээ.
Канад-Монголын MERIT төслийн хүрээнд төрийн албаны мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийн удирдлагын арга зүйг хөгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд хүний нөөцийн стратеги төлөвлөлт нь төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, албан хаагчдын мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Дадлага ажил нь Дундговь аймгийн төрийн байгууллагуудад хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөө бодит нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурлан боловсруулах, цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлоход дэмжлэг үзүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

