Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын дархлаажуулалтын вакцин ирж, мал сүргийг хамруулах бэлтгэл хангаж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлснээр, шүлхийн эсрэг нэмэлт дархлаажуулалтын гуравдугаар шатанд зориулан 3.6 сая тун вакцин худалдан авчээ. Хангайн болон Говийн бүсийн үхэр сүргийг хамруулах уг дархлаажуулалтыг энэ сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд хийхээр товлосон байна.
Дундговь аймгийн Мал эмнэлгийн газар 2024 онд шүлхий өвчний тандалт судалгааг 14 сумын 30 өрхийн 480 малд хийжээ. Судалгаанд 180 хонь, 180 ямаа, 120 үхрийг хамруулж, цусны дээж аван шинжилсэн байна. Мөн тухайн оны аравдугаар сард вакцинжуулалтын дараах дархлааны түвшинг тогтоох зорилгоор 15 сумын 45 өрхийн 135 үхэрт мониторинг судалгаа хийжээ.
Шүлхий нь үхэр, хонь, ямаа зэрэг салаа туурайтан мал, амьтанд халдварладаг, богино хугацаанд тархах эрсдэлтэй гоц халдварт өвчин юм. Өвчилсөн малын ам, хэл, уруул, туурайн завсар, дэлэн орчимд цэврүү, шарх үүсэхийн зэрэгцээ шүлс гоожих, доголох, халуурах шинж тэмдэг илэрдэг.
Малчин, мал бүхий иргэд малаа товлосон хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамруулж, малын эмчийн зааврыг дагах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих шаардлагатай. Өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
Шүлхийн эсрэг дархлаажуулалтад мал сүргийг бүрэн хамруулах нь өвчний тархалтаас сэргийлэх, малын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.