Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Дэлгэрхангай сумын малчид, тэмээчид ингэний эрчимжсэн аж ахуй эрхлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр сургалтад хамрагдлаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулсан “Ингэний эрчимжсэн аж ахуй” сургалтаар ингэний сүүг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн саах, бэлтгэх, чанар, аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээлэл өгчээ. Мөн оролцогчид сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Дундговь аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 48.0 мянган тэмээ тоолуулсан нь өмнөх оноос 5.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2024 оны жилийн эцсийн дүнгээр Өлзийт сум 18.1 мянган тэмээтэйгээр аймагтаа тэргүүлжээ.
Ингэний сүү нь уураг, аминдэм, эрдэс бодис агуулдгаас гадна С аминдэмийн эх үүсвэр болдгоороо онцлогтой. Уг сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх боломжтой.
“Солид Партнерс Групп” ХХК-ийн ингэний ферм өдөрт 140-150 литр сүү боловсруулж, тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Сургалтад оролцогчид тус фермийн үйл ажиллагаатай танилцаж, ингэний сүүг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй туршлагаас судалжээ.
Говийн бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон тэмээн сүргийн ашиг шимийг нэмэгдүүлж, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь уламжлалт мал аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих ач холбогдолтой юм.
