Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран сумдын эрүүл мэндийн төвийн сүрьеэ, вируст гепатитын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжлэгт хяналт хийж, ажлын байрны сургалт зохион байгууллаа.
Дэмжлэгт хяналтаар сүрьеэ, вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, өвчтөнд хяналт тавих үйл ажиллагааг үнэлж, эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Мөн “Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний аймгийн 2026-2028 оны бодлого, төлөвлөлт”, “Цэрний сорьц тээвэрлэлт, анхаарах асуудал”, “Вируст гепатитын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдвээр сургалт хийжээ.
Сургалтаар сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, цэрний сорьцыг зөв авах, хадгалах, лабораторид стандартын дагуу хүргэх, шинжилгээний чанар, аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгосон байна. Харин вируст гепатитын халдварын төрлийг ялган оношлох, эмчилгээний үр дүнг хянах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх асуудлыг түлхүү авч үзжээ.
Дундговь аймгийн 2024 оны хагас жилийн тайлангаар зорилтот бүлгийн иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн найман тохиолдол илэрч, эмчийн хяналтад авсан байна. Тухайн үед урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай 47 199 иргэнээс 20 915 нь үзлэгт орж, хамрагдалт 44.3 хувьтай байжээ.
Улсын хэмжээнд 2025 онд сүрьеэгийн 2851 тохиолдол бүртгэгдэж, 182 хүн уг өвчний улмаас нас барсан байна. Бүртгэгдсэн тохиолдлын 165 нь хүүхэд байв.
Сүрьеэг эрт илрүүлж, эмчилгээг тасралтгүй, бүрэн хийснээр өвчний хүндрэл, халдварын тархалтыг бууруулах боломжтой. Харин вируст гепатитыг эрт оношилж, шаардлагатай эмчилгээнд хамруулах нь элэгний хатуурал, хавдар зэрэг ноцтой хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймд сумдын эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанарыг үнэлж, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь хөдөө орон нутгийн иргэдэд халдварт өвчний оношилгоо, эмчилгээг ойртуулах, өвчлөлийг эрт илрүүлэхэд чиглэж байна.
