Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны 10 дугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Цахим Дундговь” үйл ажиллагааг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулж байна.
Энэ хүрээнд нээлттэй мэдээллийн ил тод байдлын shilen.gov.mn болон төрийн байгууллагын нэгдсэн gov.mn цахим хуудасны сургалтад мэдээлэл хариуцагч 148 байгууллагын албан хаагчийг хамруулав. Мөн төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, бизнес эрхлэхэд тулгардаг шат дамжлагыг бууруулах зорилгоор license.mn системийн сургалт зохион байгуулж байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “e-Mongolia” платформын үйлчилгээг бие даан ашиглах ур чадвар олгохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хиймэл оюуны хэрэглээ, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа.
Нээлтийн үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийн өнөөдөр ба маргааш” сэдвээр мэдээлэл хүргэв. Дундговь аймаг цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг орон нутгийн хөгжилд нэвтрүүлэх зорилгоор “Цахим Дундговь” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Уг үйл ажиллагаа нь төрийн байгууллагын цахим чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэж байна. Энэ үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үр бүтээлтэй ажилласан дөрвөн мэргэжилтнийг “Онц холбоочин” цол тэмдэг, хоёр ажилтныг “Мэдээллийн технологийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, долоон ажилтныг салбарын яамны “Жуух бичиг”-ээр шагналаа.




