Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх” говийн бүсийн уулзалт өнөөдөр Дундговь аймагт эхэллээ.
Уулзалтад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 300 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүй, хүний эрх, жендэрийн тэгш байдал, удирдлагын чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцож байна.
Нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, ЗГХЭГ-ын дэд дарга С.Батболд, Ёс зүйн хорооны дарга Н.Ганбаатар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академийн төлөөлөл, багш нар оролцов.
Уулзалт энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхэд суурилсан, иргэн төвтэй төрийн үйлчилгээ, жендэрийн тэгш байдал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд суурилсан удирдлага, хүний нөөцийн удирдлагын талаар сургалт, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага, хүний эрхийг дээдлэх зарчмын хэрэгжилтийг сайжруулах, хүний нөөцийн удирдлага болон ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга барилыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн бүс нутгийн төрийн байгууллагуудын сайн туршлагыг харилцан солилцож, тулгамдаж буй асуудалд шийдэл эрэлхийлэн, төрийн албаны шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг тодорхойлно.
Говийн бүсийн уулзалт нь төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

