Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /naked-science/. "Airbus" компани арилжааны зорчигч тээврийн онгоцоор шууд нислэг үйлдсэн зайгаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, гол өрсөлдөгч "Boeing" компанийн 20 орчим жилийн турш хадгалсан амжилтыг эвджээ.
Энэхүү дээд амжилтыг Австралийн агаарын тээврийн "Qantas" компанийн захиалгаар тусгайлан бүтээсэн, өргөн их биетэй "Airbus A350-1000ULR" онгоцоор тогтоожээ. Уг онгоцыг Австралийн Сидней хотоос Лондон, Нью-Йорк хот руу шууд нислэг үйлдэх зорилгоор бүтээсэн байна. Ийм холын зайд нислэг үйлдэхийн тулд "Airbus" компани нэмэлт түлшний сав суурилуулснаар нислэгийн дээд зай 18 520 орчим кметр ажээ.
Гэсэн хэдий ч дээд амжилт тогтоосон нислэгийн үеэр уг онгоц үүнээс хамаагүй хол буюу 23 150 гаруй км замыг туулсан байна. Ингэснээр "A350-1000ULR" нь өмнө нь арилжааны агаарын хөлгийн шууд нислэг үйлдсэн зайгаар дээд амжилтыг эзэмшиж байсан "Boeing 777-200LR Worldliner" онгоцыг ардаа орхилоо.
Дээд амжилт тогтоосон нислэгийг энэ оны долоодугаар сарын 27-28-нд үйлдсэн байна. "A350-1000ULR" онгоц Австралийн Мельбурн хотоос хөөрч, Францын Тулуз хотыг зорьжээ. Хоёр хотын хооронд хамгийн дөт замаар нисэх зай 16 850 км орчим байдаг ажээ. Хэдийгээр энэ нь холын урт нислэг боловч шинэ дээд амжилт тогтоохын тулд үүнээс хавьгүй хол зам туулах шаардлагатай байв.
Тиймээс "Airbus" компани хоёр далайг дамнасан илүү урт маршрутыг сонгожээ. Онгоц долоодугаар сарын 27-ны үдээс хойш Мельбурн хотоос хөөрч, Сидней дээгүүр ниссэний дараа Номхон далайг чиглэн, огноо солигдох олон улсын шугамыг давж, Лос-Анжелес хотыг өнгөрөн Хойд Америкийн дээгүүр нислэгээ үргэлжлүүлсэн байна.
Үүний дараа Атлантын далайг гатлан өмнө зүгт чиглэж, Их Британийн дээгүүр ниссэний эцэст долоодугаар сарын 28-ны өглөө Тулуз хотод газарджээ. "Airbus" компанийн мэдээлснээр, онгоцонд зорчиж явсан 13 хүн нислэгийн хугацаанд нар мандах, жаргахыг тус бүр хоёр удаа харсан байна. Уг нислэг 24 цаг 24 минут үргэлжилж, нийт 23 155 орчим км замыг туулжээ.
"Airbus" компанийн тайлбарласнаар, энэхүү нислэг нь" A350-1000ULR" онгоцны туршилтын хөтөлбөрийн нэг хэсэг байв. Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд энэхүү амжилтыг албан ёсоор бүртгэснийг 11 дүгээр сарын 9-нд зарласан байна.