Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналтаар Өмнөговь аймгийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд илэрчээ. Тухайлбал,байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүнгээр 2025 онд 67.9 хувь буюу хангалтгүй үнэлгээ авсан. Шалтгаан нь хөгжлийн бодлогын баримт бичгийн болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, (shilen.gov.mn) цахим системийн үнэлгээ 56.8 хувьтай байжээ. Өргөдөл, гомдлын сан буюу “Dashboard.gov.mn” цахим системд Өмнөговь аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих системийн хэрэглээ хангалтгүй байна. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жил дараалан буураагүй. Гомдол 2025 онд 150, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 233 болж нэмэгджээ.
“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлээгүй. Эрсдэл мэдээллийн нэгдсэн системээр ил цахилгааны утас, траншейны нүх, эвдэрсэн зам, талбай, ухсан нүх зэрэг 137 эрсдэл бүртгэгдсэнийг шийдээгүй. Ургац хураалтын чиглэлд Газрын тухай хуулийн дагуу иргэнд үр тариа, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх үүргийг хэрэгжүүлээгүй, нөөцийн мах бэлтгэж эхлээгүй байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль энэ оны наймдугаар сарын 31-нээс хэрэгжсэн. Гэвч Өмнөговь аймаг хуульд заасан 55 зөвшөөрлөөс 41-ийг нь бүртгээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтээр сүүлийн нэг жилд зөрчил гаргаагүй иргэн, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг ажлын хоёр хоногт сунгах системийн тохиргоог 53 зөвшөөрөлд хийгээгүй байна. Хүсэлт шийдэхгүй 25-31 хоног болсон нь иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэсэн тул Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх "Чөлөөлье" санаачилгыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тодотгож, хугацаатай, үүрэг даалгавар өгсөн юм.
Аймгийн удирдлагуудын мэдээлснээр Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй. НӨАТ төлөгч 2081 аж ахуйн нэгж байгаагаас татварын реформын үр дүнд 500 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөнө. Энэ сараас ахмад насны тэтгэвэр авч буй 10695 иргэний 73.9 хувь нь суурь тэтгэвэр авч эхэлсэн. Төрийн үйлчилгээний 370 гаруй албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдсэн. Аймгийн газар нутгийн 93 хувьд нь үүрэн телефоны сүлжээ нэвтэрсэн. Орон нутагт сүүлийн 5 жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууц ашиглалтад оруулснаас 80 өрх орон сууцаа өмчилж авсан гэлээ.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээ 10 байсныг 20 хувь болгон нэмснээр орон нутагт тулгамдаж буй асуудлаа шийдэх санхүүгийн боломж нь хоёр дахин нэмэгджээ.
Засгийн газрын тогтоолын хавсралт “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-д хоёр жил дараалан 70-аас доош хувь үнэлэгдсэн, хангалтгүй дүгнүүлсэн аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, удирдлага холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх журамтай. Иймд энэ оны ерөнхий дүнгээр дахин хангалтгүй үнэлэгдвэл дээрх журмын дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй юм.