Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган. 2026 оны арван нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн малчин, тариаланч Ё.Нямаа, түүний гэргий Улсын аварга тариаланч А.Пүрэвсүрэн нар 26 жилийн турш мал аж ахуй, газар тариалан эрхэлж байна. Тэдний амьдрал, хөдөлмөрийн замналын талаар А.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Танай гэр бүл хэзээнээс мал маллаж, хүнсний ногоо тариалж эхэлсэн бэ?
-Бид 1986 онд гэр бүл болсон. Социалист нийгмийн үед манай хүн трактор барьж, би үтрэмийн талбайд ажилладаг байлаа. Хүүхдүүд өсөж том болохын хэрээр амьдралын хэрэгцээ нэмэгдсэн тул 2000 оноос хоёр үнээ, 50 гаруй хоньтойгоор мал маллаж эхэлсэн. Гэр бүлээрээ хөдөлмөрлөсний үр дүнд мал сүргээ өсгөж, өдгөө 800 орчим хонь, 70 гаруй үхэртэй болсон. Мөн мал аж ахуйнхаа хажуугаар 26 жил хүнсний ногоо тариалж байна.
-Ногоогоо хэрхэн тарьж, арчилдаг вэ? Хөрсөө ямар аргаар борддог бол?
-Бид Баруун голын дагуу 50 сотик газарт ногоо тарьдаг. Голын уснаас суваг татаж, талбайгаа усална. Өмнө нь жилд 7-8 мянган байцаа тарьдаг байсан бол одоо өрхийн хэрэгцээ, борлуулалтдаа тохируулан 1000 орчим байцаа тариалж байна. Химийн бордоо хэрэглэдэггүй. Хар модны үнс, хонины бууц, аргалын үнсээр хөрсөө бордож, байгалийн гаралтай аргаар ногоогоо ургуулдаг.
-Танай гэр бүлд мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг уламжлал бий юу?
-Миний аав И.Адъяасүрэн Улаантолгойн саалийн механикжсан фермийг анх үүсгэн байгуулахад оролцсон зоотехникч хүн. Ээж Ц.Хандсүрэн агрономч мэргэжилтэй, ГОК-ийн туслах аж ахуйд олон жил ажилласан. Мөн хадам аав Ёндонжамц, ээж Янжмаа хоёр маань бидний ажилд үргэлж урам өгч, дэмжиж ирсэн.
-Мал маллах, ногоо тарих ажлаа улирлаар хэрхэн зохицуулж, ургацаа борлуулдаг вэ?
-Хавар, зун, намар гурван улиралд усалгаа хийх, зэрлэг түүх, байцаагаа манах гээд завгүй. Олон жил наадам үзэлгүй, ногооныхоо талбайд ажиллаж өнгөрүүлсэн. Ургац жигдэрч, талбайн ажил багасах үед сааль сүү, цагаан идээгээ бэлтгэж, хадлангаа авна. Бид 20 тоннын багтаамжтай зоорь барьж, ургацаа хадгалдаг. Намар Хялганатын дэлгүүр, сургууль, цэцэрлэг болон байнгын худалдан авагчдадаа ногоогоо нийлүүлдэг.
-Олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг юунаас хамгийн их мэдэрдэг вэ? Төрөөс таны хөдөлмөрийг хэрхэн үнэлсэн бэ?
-Бид таван хүүхдээ мал, ногооныхоо хөдөлмөрөөр өсгөж, зээл өр тавилгүйгээр бүгдийг нь мэргэжилтэй, гэр оронтой болгосон. Хоёр хүү маань малчин, нэг охин маань инженер. Хоёр хүүхэд, хоёр бэр маань эмч мэргэжилтэй. Миний хөдөлмөрийг үнэлж, 2008 онд Булган аймгийн “Аварга ногоочин”, 2009 онд “Улсын аварга тариаланч” цол тэмдгээр шагнасан. Одоо бид ач, зээ нараа ч ажил хөдөлмөрт сургаж, ажлын дөртэй болгохыг хичээж байна.