Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Европ дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн Чехийн нийслэл Прага хотод болж аваргуудаа тодрууллаа.
Монголын волейболын холбооны Европ дахь салбар холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн нь Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудыг спортын нэгэн дээвэр дор нэгтгэдэг уламжлалт энэхүү тэмцээн нь зөвхөн аварга баг, шилдэг тамирчдыг тодруулах төдийгүй эх орон нэгтнүүдийн эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус тэмцээнээр дамжуулан Монголын волейболын спортыг Европ тивд сурталчлан хөгжүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд уриалах, ахмад болон залуу үеийн тамирчдын залгамж холбоог бэхжүүлэх нь уг тэмцээний зорилго аж. 12 дахь удаагийн тэмцээнийг Монголын волейболын холбооны Чех улс дахь салбар зохион байгуулсан бөгөөд тэмцээний үеэр спортын ахмад зүтгэлтнүүддээ хүндэтгэл илэрхийлсэн байна.
Тэмцээний мастеруудын ангиллын эрэгтэйчүүдэд Бельги дэх монголчуудын баг түрүүлсэн бол Австрийн “Аравт” мөнгө, Чехийн “Алтан прага” хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдэд Чехийн “Дайчид” баг түрүүлж, Австрийн “Батаар” мөнгө, Германы “Цог” клуб хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Тэгвэл залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс Шведийн “Сүлд” алтан медаль хүртсэн бол Германы “Эмуст”, “Хорде” багууд удааллаа. Эмэгтэйчүүдээс Английн “Монбрит” түрүүлснээр аварга цолоо гурван жил дараалан хамгаалсан бол Ирланд дахь монголчуудын баг мөнгө, Шведийн “Сүлд”-ийн бүсгүйчүүд хүрэл медаль хүртсэн байна.
Хилийн чанадад амьдарч буй монголчуудын хувьд спорт бол зөвхөн өрсөлдөөн бус, эх орон, үндэсний бахархал, эв нэгдлээрээ холбогдох гүүр гэдгийг зохион байгуулагчид онцолсон бөгөөд монгол хүний нөхөрлөл, эв нэгдлийг Европын зүрхэнд түгээн дэлгэрүүлж буй спортын томоохон баяр болж өргөжжээ.





