Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОНРЕАЛЬ, 2026 оны аравдугаар сарын 30 /Kazinform/. Европын Холбоо (ЕХ), Канадын 21 дэх удаагийн дээд түвшний уулзалт Канадын Монреаль хотноо өчигдөр эхэлжээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтыг Канадын Ерөнхий сайд Марк Карни даргалж байгаа бол ЕХ-г Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас нар төлөөлөн оролцож байна. Мөн худалдаа, батлан хамгаалах, залуучуудын бодлого хариуцсан комиссарууд зэрэг Европын Комиссын хэд хэдэн гишүүн оролцож байна.
Уулзалтын дараа талууд улс төр, эдийн засаг, институцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын тавцанд үйл ажиллагаагаа уялдуулах зорилготой “Ирээдүйн эвсэл” хэмээх хамтын ажиллагааны санаачилгыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн уулзалтаар худалдаа, цахим худалдаа, стратегийн ач холбогдол бүхий түүхий эд, нийлүүлэлтийн сүлжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновац болон залуучуудын солилцооны чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Брюссель хотноо болсон удирдагчдын уулзалтаар ЕХ, Канадын шинэ стратегийн түншлэлийг баталж, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр талын харилцаа улам гүнзгийрсээр байна. Түүнээс хойш Канад улс ЕХ-ны SAFE санаачилгад нэгдсэн Европын бус анхны орон болжээ.
Европын хэвлэлүүдэд өмнө нь мэдээлснээр, Канадад ЕХ-ны “түнш гишүүн” статус олгох тухай саналыг дээд хэмжээний уулзалтын эцсийн тунхаглалд тусгаагүй байна. Үүний оронд талууд харилцаагаа цаашид улам ойртуулах (ever closer association) гэсэн томьёоллыг ашиглажээ.
Европын Холбоо нь Канадын худалдааны хоёр дахь том түнш юм. Хоёр талын бараа, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 2025 онд 130 тэрбум еврог давсан байна.