Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна.
Тус аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний 27 киоск төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар эдгээр төхөөрөмжөөр дамжуулан иргэдэд 127 мянган удаагийн үйлчилгээ үзүүлжээ.
Сургалтын үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.
Мөн төрийн цахим үйлчилгээний системүүдийн ашиглалт, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчны аюулгүй байдал, цахим банкны үйлчилгээний талаар мэдээлэл өгч, практик зөвлөгөө хүргэж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй сургалтад төрийн албан хаагчид, “ХУРДАН” цэгийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нийт 470 гаруй хүн хамрагдлаа.