Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль 2026-2027 оны хичээлийн жилд багш нарын мэргэжлийн ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжих “Багш хөгжил” төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд сургуулийн мэргэжлийн багш нарын бүлгүүдээс ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулж, нэг төслийг дэмжин хэрэгжүүлэх юм. Ингэснээр багш нарын судалгаа хийх, шинэ арга зүй турших, сургалтын үйл ажиллагаандаа бүтээлчээр хандах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Мөн багш нарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, сурагчдын сурлагын амжилтыг ахиулахад чиглэсэн шинэлэг санаа, арга зүйг дэмжих ач холбогдолтой ажээ.
Төслийн үр дүн, сайн туршлагыг сургуулийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээс гадна аймгийн бусад сургуульд нэвтрүүлэх боломжтой жишиг загвар болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Багшийн мэргэжлийн хөгжил нь сургалтын арга зүй, чанар, сурагчдын суралцах үйл явцад шууд нөлөөлдөг. Тиймээс багш нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, шинэ санаачилгыг дэмжих нь боловсролын чанарыг сайжруулах чухал нөхцөл юм.