Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын есдүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд 28 хүүхдийг “Бяцхан эмч”-ээр бэлтгэж, 2-5 насны 488 хүүхдэд эрүүл мэнд, хүний эрхийн боловсрол олгожээ.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санаачилга, дэмжлэгтэйгээр 2023 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөр нь бага насны хүүхдэд эрүүл мэндээ хамгаалах зөв дадал хэвшил төлөвшүүлэх, өөрийгөө хамгаалах арга барилд сургах, хүний эрхийн талаарх анхан шатны мэдлэг, ойлголт эзэмшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд гараа зөв, тогтмол угаах, амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгож, өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшил болгон төлөвшүүлэхэд анхаарчээ.

Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Хишигбаяр хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, сайн туршлагаа Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн болон Зүүн өмнөд Азийн бүсийн албаны мэдээлэл, харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Наташа Каур болон тус холбоо, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн төлөөлөгчдөд танилцууллаа.