Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн явуулын эмнэлгийн баг 17 сум, нэг тосгонд ажиллаж, хөдөөгийн 5231 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулжээ.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын эмнэлэг” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, иргэдэд 12 төрлийн үзлэг, оношилгоо хийсэн байна.
Үзлэгээр 688 өвчлөл илрүүлж, холбогдох иргэдийг сумын эрүүл мэндийн төвийн хяналтад авчээ. Мөн 123 хүнийг лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүлсэн бол хорт хавдрын сэжигтэй 51 тохиолдлыг оношийг нь тодруулахаар төв эмнэлэгт илгээсэн байна.
Иргэдийн дунд хоол боловсруулах тогтолцооны эмгэг хамгийн түгээмэл байсан бол шээс, бэлгийн болон зүрх судасны тогтолцооны эмгэг удаалжээ.
“Явуулын эмнэлэг” төслийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хамтран хэрэгжүүлсэн байна. Тус төсөл нь тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдах боломж хязгаарлагдмал малчид болон зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэжээ.