Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өсвөрийн яруу найрагчдын “Монгол бахархал” уралдааныг энэ сарын 20-нд зохион байгуулна.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Чинбатын ивээл дор болох тус уралдаан нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх хэл, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл, монгол бахархлыг төлөвшүүлэх, яруу найргаар дамжуулан сэтгэн бодох, үзэл бодлоо уран яруу илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой.
Уралдаанд аймгийн 18 сум, хоёр тосгоны ерөнхий боловсролын сургуулиас шалгарсан дунд, ахлах ангийн сурагчид оролцоно.
Тэмцээнийг хоёр үе шаттай явуулах бөгөөд эхний шатанд сургууль бүр сурагчдынхаа дунд шалгаруулалт зохион байгуулж, шилдэг оролцогчоо тодруулна. Улмаар сум, тосгон бүрээс шалгарсан нэг сурагч аймгийн нэгдсэн шатанд өрсөлдөх юм.
Оролцогчид үндэсний хувцсаар гоёж, гурван хүртэлх шүлгийг цээжээр, уран тод, зөв аялга, хэмнэлтэй унших шаардлагатай. Мөн уралдааны үеэр гар утас болон бусад цахим төхөөрөмж ашиглан шүлгээ харж уншихыг хориглохыг холбогдох албанаас анхаарууллаа.